ЧУУЛГАН: ТЭТГЭВЭР НЭМЭГДЛЭЭ

Монгол улсын 465 000 ахмад настны тэтгэврийг нэмэх шийдвэр өнөөдрийн ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар гарлаа.

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг бүхэлд нь баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад 44 гишүүн дэмжлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Хуулийн төслүүд эцэслэн батлагдлаа. Ингэснээр төсөвт тодотгол оруулж, тэтгэврийг нэмэхээр боллоо.

Энэхүү шийдвэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн Газрын нэгдмэл бодлого нэг зүгт харсан нийтлэг эрмэлзлийн үр дүнд биеллээ олж байгааг онцлон тэмдэглэе.
Сар шинийн баярын өмнөхөн азай буурал ахмадуудынхаа тэтгэврийг нэмж, цар тахлаас үүдсэн үнийн өсөлтөөс сэргийлсэн шийдвэр гаргасанд баяртай байна. Монголын төр ямар ч цаг үед ахмад буурлуудынхаа ачийг мартаж үл болно.
Мөн энэхүү чухал шийдвэрийг тал бүрээс нь богино хугацаанд нухацтай хянан хэлэлцэж, ажил хэрэгч байдлаар асуудалд хандсан Улсын Их Хурлын эрхэм гишүүддээ талархал илэрхийлье.