Н.Номтойбаяр нарт холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан маргааш болно

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Н.Баттөгсийн өмгөөлөгч Д.Батбаяр нь шүүх хуралдааны товыг өөрчлөх тухай хүсэлт гаргасны дагуу уг хүсэлтийг тус дүүргийн шүүхийн шүүгч өчигдөр хэлэлцсэн. Уг хуралдаанаар Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг  маргааш 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 14:00 цагт нээлттэй явуулахаар товлосон.

Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандах, М.Базаррагчаа нар нь шүүгдэгч Н.Номтойбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хэлэлцэхгүй орхиж, захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Яллагдагч Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагт хийсэн. Улмаар шүүх хуралдааны хэлэлцүүлгээр яллагдагч нарын өмгөөлөгч нараас хэргийг прокурорт буцаахаар гаргасан хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэн, анхан шатны шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 10:00 цагт нээлттэй явуулахаар товлон зарласан байсан.
Ингэхдээ прокуророос гаргаж өгсөн баримт, хүсэлтийн дагуу Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “…мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр дараагийн шүүх хуралдаан болтол түүнд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн билээ.