Ой хээрийн түймрийн улмаас 1.6 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Булган аймгийн Хутаг-Өндөр, Сэлэнгэ,Тэшиг сумдын нутаг дэвсгэрт ойн түймэр гарчээ. Тодруулбал,Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Уураг” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 16-ны 18:50 цагт онцгой байдлын албанд ирүүлсэн байна. Мөн ОБЕГ Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багт ойн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 16-ны 20:58 цагт, тус аймгийн Тэшиг сумын Хужирт багт ойн түймэр гарсан мэдээллийг 06.17-ны 8:35 цагт хүлээн авчээ. Одоогоор түймрийг унтраахаар онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж байгаа юм.

Он гарсаар зургаадугаар сарын 17-ны өдрийн байдлаар 14 аймгийн 60 суманд нийт 97 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 7204 га ой, 206.239 га хээр буюу нийт 213.443 га талбай шатсан аж. Мөн хоёр гэр, дөрвөн айлын өвөлжөө, нэг автомашин шатаж нийт 1.6 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Учирсан хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 33.7 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр ихэнх нутгаар хуурайшилттай байгаа учраас ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж:

Ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх,

Асаасан гал, чүдэнз, тамхины галыг бүрэн унтраах,

Халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.