Г.Загдаа эхнэрийн хамт шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргажээ

Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын  тэргүүн Г.Загдаа,  түүний эхнэр ГАмарсайхан нарыг шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.11.09/  10.00 цагт эхэлсэн боловч шүүгдэгч нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан учир хүсэлтийг шийдвэрлэхээр 13.30 цаг хүртэл завсарласан байна . Тэдэнд холбогдох шүүх хурал аравдугаар сарын 23-ны өдөр хоёр дахь удаагаа товлогдсон ч шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцох прокурор Ц.Гантулгабат нь Монгол Улсын Прокурорын байгууллагын 90 жилийн ойн арга хэмжээнд оролцож байгаа гэх албан бичгийг ирүүлсэн, мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Оюунцэцэгээс шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт  ирүүлсэн учраас өнөөдөр ийн товлогдоод байсан юм.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Загдааг бусдыг удаа дараа хүчирхийлсэн, эхнэртэйгээ нийлэн хууль сахиулагчийн ажилд саад учруулсан хэрэгт  буруутгаж, яллах дүгнэлт үйлдсэн билээ. Хэргийг эргэн сануулахад,  иргэн Д.Халиунаагийн гомдлоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс Г.Загдаад хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдаг.  Энэ оны дөрөвдүгээр сарын 9-нд иргэн Д.Халиунаа мэдээлэл хийх үеэр “Г.Загдаа намайг гурав хоног дараалж хүчирхийлж байсан. Хүүхдээр минь сүрдүүлж, заналхийлдэг байсан. Би худлаа зүйл ярьсан бол өөрөө хариуцлагаа хүлээнэ. Би цагдаагийн байгууллагад өргөдөл өгнө” хэмээн мэдэгдсэн байдаг. Энэхүү мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас Г.Загдаад хэрэг бүртгэл нээж, мэдүүлэг тайлбар авах хуудсыг хүргүүлсэн ч хүлээж аваагүй учраас түүнийг албадан баривчлан Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж, шалгаж байсан юм.