Ш.Отгон-Өлзий МҮОНРТ-ийн ерөнхий захиралд нэр дэвшжээ

МҮОНРТ-ийн ерөнхий захиралд нэр дэвшигчдийн материал хүлээн авах хугацаа өнөөдөр 18.00 цагт дуусна. Уг албан тушаалд  Ш.Отгон-Өлзий нэр дэвшжээ. 

Ш.Отгон-Өлзий нь МУИС-ийн Математик, компьютерийн сургуулийг программ хангамжийн инженер мэргэжлээр төгссөн бол 2013 онд АНУ-ын American Councils сургууль: Хэвлэл мэдээлэл ба улс төрийн чиглэлээр, 2014 онд АНУ-ын Харвардын сургуульд: DIGITAL MARKETING: SOCIAL MEDIA AND ONLINE STRATEGIES сэдвээр тус тус мэргэжил дээшлүүлсэн байна. Мөн Удирдлагын академийн төрийн удирдлагын сургуулийг төрийн удирдлагын менежер, Тайванийн Нанхуа их сургуульд магистрын зэрэг хамгаалжээ.

“Бодь-Электроникс’ ХХК -д вебмастер, програм хөгжүүлэгч, “Оргилсофт’ ХХК-д мэдээллийн технологийн хэлтсийн захирал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албанд тус тус ажиллаж байсан аж.

Мөн тэрээр “Монгол брэнд’ холбоог тэргүүлэн ажилладаг бөгөөд тус холбоо нь жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгжүүдийг цахим орчинд сурталчилан таниулдаг юм байна.

Олон нийтийн радио телевизийн тухай хуульд зааснаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 15 гишүүний нууц санал хураалтаар хамгийн олон санал авсан нь МҮОНРТ-ийн ерөнхий захирал болно. Ерөнхий захирлыг гурван жилийн хугацаагаар томилдог.