УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр ХӨСҮТ-д ажиллалаа. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн 14 хоногийн дараа өдөрт 150-400 хүн халдварт өртөх эрсдэл 50 хувьтай байна гэдгийг санууллаа. Учир нь Драмын театртай холбоотой кластер олон хүнийг хамруулж, 450 ойрын хавьтал бүртгэгдээд байгаа аж.
Мөн тэрбээр “Сүүлийн 7 хоногийн нөхцөл байдлаас харахад хүн амын дундах халдварын өргөн тархалт руу орж байгаа нь санаа зовоож байна. Халдварын шатны үнэлгээг долоо хоног бүр хийж байна. Улаанбаатар хотод дөрөвдүгээр үе шат буюу хүн амын дунд халдвар өргөн тархсан үе байна. Харин Завхан, Төв аймаг хоёрдугаар үе шатанд байгаа.
Бүртгэгдсэн 81 кластер байна. Үүнээс 21 нь хянагдаж дууссан. Одоогийн байдлаар 41 идэвхтэй кластер байна. Халдвар зөвхөн орон зайгаар хязгаарлагдахгүй” гэлээ.