Н.Түвшинбаярыг 15 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ

МУГТ Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн цагдан хорих эсэх талаарх шүүх хурал өнөөдөр болж, түүнийг дахин 15 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэрийг Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн шүүхээс гаргажээ.

Н.Түвшинбаяр дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан юм. Улмаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөрөвдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр хорих ангид цагдан хорихоор шийдвэрлэсэн. Харин дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Н.Түвшинбаярыг яллагдагчаар үргэлжлүүлэн 10 хоног буюу тавдугаар сарын 5-ныг хүртэл цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг хүлээн авч, хянан хэлэлцээд, үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэсэн билээ.