Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг Дээд шүүх Баасан гаригт дахин хэлэлцэнэ

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд ирэх Баасан гаригт Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн дүгнэлтийг үндэслэн шүүгч Б.Цогтын илтгэснээр хаалттай хэлэлцэхээр товлосон байна.

Тагнуулын ерөнхий газрын даргаасан Б.Хурц, Г.Эрдэнэбат тэргүүтэй хүмүүсийн хэргийг тус шүүхээр эцэслэн шийдвэрлэсний дараа Улсын ерөнхий прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах дүгнэлт бичиж, хүргүүлсэн юм. Ийнхүү дүгнэлт бичихдээ эл хуулийн 41.1-1.2 дахь хэсэгт “Шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан нь эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгаж болно” гэх заалтыг үндэслэсэн аж. Дээрх гурван хүнийг хаалттай хорих ангид 20 жил ял эдлүүлэхээр эцэслэн шийдвэрлэсэн билээ. Харин шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас ийнхүү хэлэлцсэнээр хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргавал дээрх хүмүүсийг батлан даалтад өгөх, эсэхийг тухайн үед нь анхан шатны шүүх хэлэлцэх аж.