Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авч, сурталчилгаагаа эхлүүлнэ

МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр 10.30 цагаас СЕХ-ноос нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг албан ёсоор гардаж авна. Нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг гардаж авсанаар сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэх юм.  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид 14 хоногийн хугацаанд сурталчилгаагаа орон даяар явуулах бөгөөд цаг хугацааны хувьд богино, улс даяар covid-19-ийн халдвар тархсан хүнд нөхцөлд сурталчилгаагаа явуулах юм.

Нэр дэвшигчид үнэмлэх олгох, нийтэд мэдээлэх ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-т “Нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ” гэж заасны дагуу олгох юм.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд 26 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн билээ. 2017 оны сонгуульд 14.7 тэрбум төгрөг зарцуулж байсан юм.