МҮБХ-ноос “Допинг хэрэглэсэн 38 бөх’-ийн нэрийг зарлахыг шаарджээ

Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ноос нийслэлийн Прокурорын газарт шаардлага хүргүүлжээ.

Шаардлагад,

“Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын түр орлон гүйцэтгэгч, хууль, цаазын тэргүүн зөвлөх Д.Баянжаргал танаа.

МҮБХ-ноос таны нэр дээр 2021 оны тавдугаар сарын 17-ны өдөр №01/72 тоот “Допингтой холбоотой хэргийн талаар” тодруулга авахаар албан хүсэлт хүргүүлсэн бөгөөд 2021 оны тавдугаар сарын 29-ний өдөр МҮБХ-ны ээлжит бус “Их Эе” хурал болж өндөрлөлөө. “Их Эе” хурлаас Авлигатай тэмцэх газар шалгаж, танай байгууллага хяналт тавьж ажилласан “Допингтой холбоотой 38 бөхийн зөрчил” гэсэн одоогоор хаагдаад байгаа эрүүгийн тоот хэргийн талаарх шаардлагыг хүргүүлэхийг хуралд оролцогсдын 100 хувийн саналаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн дагуу гаргаж байгаа шаардлагаар дээрх зөрчил гаргасан гэх 38 бөхийн нэрийг 2021 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн дотор МҮБХ-нд ирүүлэх, хэргийн мэдээллийг зохих хуулийн хүрээнд гаргаж өгөхийг шаардан, гомдол гаргаж байна. Хэрэв энэхүү албан шаардлагын хариуг заагдсан хугацаанд ирүүлэхгүй бол дээд шатны байгууллагад хандах, тэмцлийн бусад хэлбэрт шилжихийг хуралд оролцогсод анхааруулсаар байна.

Жич: “Их Эе” хуралд оролцож, шаардлага хүргүүлж байгаа 187 төлөөлөгчийн гарын үсгийг хавсаргав.

Таныг хүндэтгэсэн тэргүүн Ц.Магалжав” гэжээ.