Улаанбаатарчууд хаачих вэ?

Дэлхий нийтийг хамарсан цар тахалд МУ ч нэрвэгдээд удаж байна. Гэвч хэд хэдэн удаа хөл хорьсон төрийн шийдвэр ямар ч үр дүнгүй гэдгийг өдөр бүрийн ЭМЯ-ны хэвлэлийн мэдээллээс өгч буй мэдээллээр харж болно.

Гэвч УОК, ЭМЯ, Эрдэмтдийн баг нь дахин хөл хорино гэдгээ хэлсээр байна. Чухам хэзээ гэдэг нь л цаг хугацааны асуудал болчихлоо. МУ-ын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангаргаа өргөсний дараа, юу МАН-ын 100 жилийн ой, АРдын хувьсгалын зуун жилийн ойн баяр наадмын дараа юу гэдэг нь тодорхойгүй байна.

Хэдийгээр иргэдийг шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарч болохгүй гэж байгаа ч хөл хорьсонтой адил гэр бүлээрээ гадуур явж болох бүх газрын үүд хаалгыг нь хаачихав. Өнгөрсөн долоо хоногт амралт, жуулчны баазыг хааж, хоолны газруудыг заалаар үйлчлэхийг хориглосон бол энэ долоо хоногоос ууланд алхах, голын эргээр очвол Зөрчлийн хуулиар торгоно шүү хэмээн зарлаж, цагдаагаас ч дээрх газруудаар шалгалт хийж торгохыг нь торгож, сануулахыг нь сануулж байгааг ЦЕГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Баатархүү өдөр бүр шахуу мэдээлэл өгч байна.

Тэгвэл Улаанбаатарчууд хаачих вэ. Удаа дараа хөл хорионд орсон иргэд агаар салхинд гарах нь эрүүл мэндэд нь хэрэгтэй.  Гэвч тэд халдварын голомт болсон УБ хотоос хөдөө орон нутаг явж ах дүү хамаатан садандаа очихоос эмээж УБ хотынхоо эргэн тойрны агаар салхинд гарах боломжтой газруудад сууж агаар амьсгалж байна. Гэвч одоо тэдэнд гарах газар үлдсэнгүй. Хэрэв гарвал торгуулна.

Тэгэхээр тэд аргагүй хөдөөг зорих гарц сонголт үлдлээ. Гэвч хэнээс ч хэзээ ч халдвар илэрч магадгүй энэ үед зарим нэг нь ах дүү хамаатан садандаа халдвар авч очиж нутаг усныхандаа адлагдахыг хүсэхгүй байна. Тэгэхээр шийдвэр гаргах түвшинийхэн иргэдээ хөл хорьж биш өөр байдлаар халдарын тархалтыг хумих зайлшгүй шаардлага тулгарч байна.

Мөн хөл хорионы улмаас дампуурлаа зарласан аж ахуй нэгжүүд ч нэмэгдэж ажилгүй иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай гэдгийг ч анхаарах биз ээ.

Хүний эрхийн үндэсний комиссоос хөл хориогоор иргэдийн эрх зөрчигдөх асуудал гарсаар байгааг ч анхааруулж буй. Халдвар бага байх үед хөл хоригдож байхдаа иргэдийн чөлөөтэй зорчих, эх орондоо ирэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх хязгаарлагдаж байсан. Одоо хязгаарлаагүй үед эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй байгаа талаар иргэд өөрсдийн цахим хаягаараа бичсээр байна.

Халдвар тархах нөхцлийг сонгууль, одон медаль, МАН-100 жилийн ой нөлөөлсөн гэдгийг захын эрдэмтэд хэлж байна. Тэгвэл ард иргэдээ агаар салхинд гарах боломжийг нь хүртэл хааж байгаад “Ноёд’ наадамлах уу гэдгийг харах л үлдлээ.