Дотоод хэргийн их сургуульд Баталгаажуулалтын аудитын баг ажиллаж байна

Дотоод хэргийн их сургуулийн үйл ажиллагаанд олон улсын (ISO9001:2015 чанарын менежмент ба чанарын менежментийн тогтолцоо, ISO21001:2018 боловсролын байгууллага-боловсролын байгууллагын чанарын менежментийн тогтолцоо) стандартыг нэвтрүүлэх үйл ажиллагааны хүрээнд өчигдөр Баталгаажуулалтын аудитын баг ажиллаж эхэллээ.

Баталгаажуулалтын ажлын нээлтийн үйл ажиллагаанд ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Захирлын зөвлөлийн гишүүд, “Монсертф” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Билгүүн, тэргүүлэх аудитор П.Цэцэгмаа, аудитор Ш.Соёлзул, ажиглагч Ч.Амарзаяа нар оролцлоо.

Аудит хийснээр байгууллагын менежментийн тогтолцоог бүхэлд нь эсвэл зарим хэсгийг аудитын шалгуур үзүүлэлттэй нийцэж байгааг тодорхойлох, байгууллага хэрэглэгчийн болон холбогдох  хууль эрх зүйн, зохицуулалтын, гэрээний шаардлагыг хангаж байгаа эсэхэд менежментийн тогтолцооны чадавхыг үнэлэх ач холбогдолтой юм. Мөн  байгууллага тогтоосон  зорилтоо байнга биелүүлэхийн тулд менежментийн  тогтолцооны  үр нөлөөтэй  байдлыг үнэлэх,  боломжтой бол менежментийн  тогтолцоог  сайжруулж болох хэсгүүдийг тодорхойлох үр дүнтэй.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар “Манай сургууль Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Онцгой байдлын ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэг байгууллагын хүний нөөцийг бүх шатанд бэлтгэдэг. Бид захиалагч байгууллагын шаардлагад нийцсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнийг, улс орондоо хэрэгцээтэй, мэдлэг, чадвар, хандлага бүхий иргэнийг бэлтгэхийн тулд байгууллагынхаа үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, хяналтыг дээшлүүлэх, үйл явцын сайжруулалтыг тогтмол хийх шаардлагатай юм.

Үүний тулд манай сургууль үйл ажиллагаандаа, олон улсын ISO9001:2015 чанарын менежментийн тогтолцоо, ISO21001:2018 боловсролын байгууллагын чанарын менежментийн тогтолцоо, стандартуудыг нэвтрүүлэхээр дэд ажлын хэсгүүд гарч, 6 сарын турш бэлтгэл ажлаа ханган ажиллалаа. Манай хамт олон их сургуулийнхаа үнэт зүйлийг эрхэмлэн, алсын хараа, эрхэм зорилгоо ханган биелүүлэх, чанарын стандартын соёлыг төлөвшүүлэхийн төлөө ажиллаж байна. Монсертф ХХК-тай хамтран ажиллахдаа их сургуулийн эрдмийн хамт олон баяртай байна та бүхнийг үнэтэй санал, зөвлөмжөө харамгүй өгнө гэдэгт итгэлтэй байна” гэж хэлсэн юм.