ДЭМБ: Дельта мутацид вакцин хийлгээгүй хүмүүс илүү өртөж байна

Энэтхэгээс гаралтай Ковид-19-ийн мутаци буюу дельта вариант дэлхийн 92 улсад тархаж, дараагийн хүчтэй давлагаа үүсч болзошгүй байгааг ДЭМБ анхуулж байна. Монголд ч энэхүү мутаци аль хэдийнэ орж ирснийг ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөмөр анхааруулсан. Энэхүү мутацийг Энэтхэгээс Монголд ирсэн мэргэжилтнүүд аваад ирсэн юм биш байгаа гэх хардлага ч иргэдийн дунд байгаа.  Хоногтоо 2000 давж халдварлаж байгаа цар тахлын гамшгийн үед иргэдийн амь насаа хамгаалах цорын ганц аврал нь вакцин болж байна. Вакциныг голж шилэлгүйгээр хийлгэхгүй бол амиа алдах эрсдэл байгааг Монголын эрдэмтэн судлаачдаас гадна ДЭМБ-ын мэргэжилтнүүд анхааруулсаар.

 Өөрөөр хэлбэл, вакцин хийлгэснээр иргэд халдвар авсан ч хүндрэх, нас барах эрсдэл нь буурч байгаа юм.

ДЭМБ-ын мэргэжилтнүүд коронавирусийн дельта вариант нь халдварлах, тархах чадвар нь хэдэн дахин хурдан бөгөөд вакцинд хамрагдаагүй эмзэг бүлгийн хүмүүс илүү өртөж улмаар хүндрэх, үхэлд хүргэх эрсдэл өндөр байгааг дахин анхааруулжээ. ДЭМБ-ын Эрүүл мэндийн яаралтай тусламжийн хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Майк Райан “Дэлхийн маш олон оронд дельта вариантын олон омог, хувилбар хурдтай тархаж байна. Ялангуяа вакцинжуулалт бага түвшинд байгаа улс орнуудад өргөн тархах эрсдэлтэй. Цаашлаад олон хүн хүндээр өвдсөнөөс болж эмнэлгийн ачаалал эрс нэмэгдэж, нас баралт ихсэх аюул бидний өмнө байна. Ялангуяа болзошгүй эмзэг бүлгийнхэн өртөх магадлал өндөр байгаа учраас дэлхийн удирдагчид хөгжил буурай орнуудад ковидын вакциныг хандивлах, тараах замаар эмзэг бүлгийнхнийг хамгаалахад анхаарах хэрэгтэй” гэв.

Тиймээс халдварын тархалтыг хумихын тулд вакцины гурав дахь тунгийн асуудлыг нь хөндөж эхэллээ.