Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших нарыг энэ жилийн наадмаар барилдуулахгүй

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийн, допингийн асуудалтай, шийтгэлээ бүрэн эдэлж дуусаагүй байгаа бөхчүүдийг наадамд барилдуулахгүй гэдгээ мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Н.Батсуурь аварга, Р.Пүрэвдагва арслан, Б.Бат-Орших харцага магадгүй Э.Оюунболд аварга хүртэл энэ жилийн наадмаар зодоглохгүй ажээ.

Монголын үндэсний бөхийн холбооноос Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадамтай холбоотой мэдэгдэлд, бөхчүүд, жаяг дэгийн багт ажиллах хүмүүсийг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан байхыг шаардаж, наадам болохоос өмнө PCR шинжилгээ өгч, даатгалд хамрагдсан байх ёстой. Мөн Хүй долоон худагт гурван хоног үргэлжлэх барилдаанд эхний хоёр өдөр өвдөг шороодсон бөхчүүд оройдоо Улаанбаатар хот руу буцаана гэсэн.

Харин маргаантай барилдаанд камерын шүүлт ашиглахаас гадна хаялцах барьц сонгуулахгүй гэдгээ мэдэгдсэн билээ.