Х.Болорчулууныг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татаж магадгүй

Х.Болорчулуун гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга асан А.Энхтүвшинтэй хуйвалдаж, хуурамч бичиг баримт бүрдүүлж, зээл авсан нь АТГ-ын шалгалтаар тогтоогдсон байна.  А.Энхтүвшин нь Хүнс, хөдөө ах ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ЖДҮХС-нд “Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багт байрлах “Дорнод гурил” ХХК нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгч болохыг тодорхойлов” хэмээх хуурамч албан бичгийг явуулж байжээ. Өөрөөр хэлбэл, жилийн хэдэн тэрбумын орлоготой тус компанийг ЖДҮ хэмээн хуурамчаар тодорхойлолт хийж өгч байжээ.

Х.Болорчулуун гишүүн хамаарал бүхий компаниараа дамжуулж авсан зээл нь түүнийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татаж шалгах үндэс болж магадгүй байна. Учир нь УИХ-ын гишүүд ямар нэг хэрэгт холбогдсон бол гишүүний бүрэн эрхээс нь эргүүлэн татаж шалгадаг хуультай. УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах саналыг Прокурорын ерөнхий газраас оруулж ирвэл УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдвэр гаргана. МУ-ын хувьд хэд хэдэн гишүүнийг бүрэн эрхээс нь эргүүлэн татан шалгаж гэм буруутай эсэхийг нь тогтоож байсан. Мөн хуурамч тодорхойлолт хийж өгсөн гэх дээрх хүмүүсийг ч хөлдөө чирэх бололтой.

Сануулахад: УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир ЖДҮХС-гаас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад дам байдлаар нөлөөлсөн байж болзошгүй хэмээн нийтийн албанд томилогдох эрхээ зургаан жил хүртэлх хугацаагаар хасуулж, гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн бөгөөд өршөөлд хамрагдсан.

Гишүүн асан Б.Ундармаад анхан шатны шүүхээс 2.6 жилийн ял оноосон боловч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн болон эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн боловч прокуророос түүнийг торгох ял шийтгэх тогтоолыг эсэргүүцэж шүүхэд хандсан байгаа бөгөөд хэрэг нь эцэслэн шийдэгдээгүй байгаа билээ.

Г.Солтаны хувьд албан тушаалаа ашиглаж, ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компанийн нэр дээр 950 тэрбумын зээл авсан хэргээр гурван шатны шүүхээс гурван жилийн хорих ял сонссон. Тэрбээр одоо хорих ялаа эдэлж буй юм.