УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж С.Эрдэнийг “сүрдүүлэв’

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж АН-ын дарга С.Эрдэнийг огцор хэмээн сүрдүүлсэн шаардлага хүргүүлжээ. Үүнийгээ өчигдөр АН бүлэг мэдээлэл хийх үеэр мэдэгдэв. Тэрбээр “Засгийн газар цар тахлын хуулийн дагуу 4.8 их наяд төгрөгийн зардал гаргасан. Маш том эрх мэдлийг өөртөө авсан. Мөн түүнчлэн 3.7 их наяд төгрөгийн хэтрэлтийг төсөвт баталлаа. Нийт 8.5 их наяд төгрөгийг “Ковид-19′-ийн эсрэг зарцуулсан боловч үр дүнгээ өгсөнгүй.

Цар тахлаар олон хүн нас барж байгаад гүн эмгэнэл илэрхийлж байна. 100 мянган гарын үсэг цуглуулах аян идэвхтэй өрнөж байна. Өнөөдрийн байдлаар 21 аймаг есөн дүүрэг буюу нийт 30 нэгжээс гишүүдийн гарын үсэг цуглуулах аяныг өрнүүлж байгаа. Дөрвөн газраас 21 мянган хүний гарын үсэг цуглаад байна. 

Цугласан гарын үсгийн хүрээнд дараах шаардлагыг АН-ын дарга С.Эрдэнэд хүргүүлж байна. АН-ын их хурлыг энэ оны наймдугаар сарын дотор зохион байгуулах шийдвэрийг долдугаар сарын 7-ны дотор гаргаж, АН-ын даргаас долдугаар сарын 9-ний дотор огцрохыг шаардаж байна. Цаашид бид шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ’ гэсэн юм.

Түүний хувьд АН-ын дарга болох сонирхолтой байгаагаа илэрхийлээд байгаа билээ. Тэгвэл АН-ын дэмжигчид түүнийг С.Эрдэнийг намын дарга байх үед нь хамгийн их тал засч байнга дагаж гүйдэг байсан атлаа хайзайсан газар нь ингэж түлхдэг хүн чанаргүй хүн юм гэцгээн шивэр авир хийцгээж байна.