ХБНГУ хил гаалийн журмаа чангатгажээ

Германы засгийн газар коронавирусийн вакцин хийлгээгүй аялагчдаас заавал шинжилгээ авч байж хил нэвтрүүлэх журмыг 8 дугаар сарын 1-нээс мөрдөж эхэлжээ. Шинэ журмын дагуу Германд галт тэрэг, автомашин, нисэх онгоцоор ирснээс үл хамааран вакцин хийлгээгүй бүх хүн заавал шинжилгээ өгөх шаардлагатай болж байгаа юм байна.

Тус улсын эрх баригчид аялагч, жуулчдаас хил дээр шинжилгээ авах нь халдварын тархалтыг нэмэгдүүлэх эрсдэлийг бууруулна гэж үзжээ. Уг журам 12-оос дээш бүх насныханд хамаатай юм байна. Харин хил дамжиж орж ирдэг ажилтан албан хаагчид, Герман улсаар дамжин өнгөрч яваа аялагчдад заавал шинжилгээ өгөх журам үйлчлэхгүй. Мөн коронавирусийн вакцинд бүрэн хамрагдсан болон коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүст уг журам хамаарахгүй аж.