Б.Энхболд: Хоёр хүүхдийг олон удаа хутгалж, амийг нь хохироож, гэмтээсэн хэрэгт хариуцлага хүлээлгэх боломжгүй

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарт хотхон”-д 11 настай Б 13 настай Э гэх охиныг 61 удаа хутгалж, онц хэрцгийгээр аминд нь хүрсэн. Мөн түүний дүү долоон настай эрэгтэй Э-ийг 11 удаа хутгалж, биед нь хүнд гэмтэл учруулсан ноцтой хэрэг энэ сарын 7-нд гарсан. Долоон настай хүүгийн биеийн байдал маш хүнд байгаа учир ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй.  Бусдын амыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт холбогдоод байгаа Б гэгч хохирогч, эгч, дүү хоёрын хажуу хашаанд амьдардаг, үеэл нь гэх мэдээлэл байна. Тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгаж байна.

Тэгвэл уг хэргийн талаар ХЭҮК-ийн гишүүн З.Энхболд өөрийн үзэл бодлоо цахим хуудастаа илэрхийлсэн байна. Тэбээр “11 настай хүүхэд хоёр хүүхдийг олон удаа хутгалж, амийг нь хохироож, гэмтээсэн хэрэг гарчээ. Энэ тохиолдолд Эрүүгийн хуулиар ямар ч хариуцлага хүлээлгэх боломжгүй. Монгол Улсын Эрүүгийн хуулиар 14 насанд хүрсэн хүнд хариуцлага хүлээлгэхээр заасан.

Өөрөөр хэлбэл, энэ харамсалтай үйл явдал эрүүгийн эрх зүйн судлагдахуун биш, Криминологийн шинжлэх ухааны судлагдахуун болж яагаад ийм үйлдэл хийх болсон шалтгаан нөхцөл, түүнд нөлөөлсөн хүчин зүйлсийг олон салбарын эрдэмтэн, судлаач мэргэжилтнүүд (хуульч, гэмт явдал судлаач, хамтарсан баг, социологич, сэтгэл судлал, гэр бүл судлаач, багш, эдийн засагч г.м) өөр өөрийн өнцгөөс тайлбарлаж тогтоох шаардлагатай. Ингэснээр энэ мэт ноцтой гэмт үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насыг хэд байхыг нийгэм, хувь хүний хөгжлийн онцлогт нийцүүлэн шинжлэх ухааны үндэстэй тогтоох боломжтой” гэжээ.

Эрүүгийн хуулийн 6.2.3 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” хэмээн заасан байдаг аж.