ЭЕШ орох хүүхдээс халдвар илэрсэн бол шалгалтад оруулахгүй

ЭЕШ эхлэхэд хоёр хоног үлдлээ. Тодруулбал, энэ жил ЭЕШ-ыг долдугаар сарын 01-04-ний хооронд зохион байгуулах төлөвлөгөөтэй байсан ч цар тахлын улмаас хойшлуулсан. Улмаар шалгалтыг наймдугаар сарын 19-22, есдүгээр сарын 02-05-ны хооронд хоёр удаа зохион байгуулахаар болсон.

Улсын хэмжээнд нийт 82 шалгалтын байранд ЭЕШ-ыг зохион байгуулах бөгөөд нийслэлд 40, орон нутагт 42 шалгалтын байр бэлтгэжээ.  Мөн  1993 хянагч багш, 839 зохион байгуулагч багш, 309 комисс нийт давхардсан тоогоор 11600 багш, ажилчид ажиллах юм байна.

Шалгалт өгөх хүүхдүүд PCR-ын шинжилгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд халдвар илэрсэн бол энэ удаагийн шалгалтад оруулахгүй ирэх сарын шалгалтад оруулах юм байна. Харин PCR  өгөөд сөрөг гарсан ч шалгалтын үеэр ямар нэг эмнэлзүйн  шинж тэмдэг илэрвэл тусгай ангид шалгалт авахаар бэлтгэл ажил хангасан байна. Одоогоор эхний шалгаруулалтад хичнээн хүүхэд орох тоо гараагүй байгаа аж.