Г.Занданшатар: Хэлмэгдүүлэлтийн гашуун түүх дахин хэзээ ч давтагдах ёсгүй

Цаг хугацаа улирахын хэрээр түүхийн эрээн бараан үйл явдал бүдгэрч, ирээдүйн сайн сайхны төлөөх сургамж, ухаарал болон үлддэг жамтай.
Тэртээх 1930-аад оны хэлмэгдүүлэлт бол Монголын түүхэнд үлдэх гашуун сургамж байлаа. Монголын төр жил бүр хэлмэгдсэн иргэд, тэдний ар гэр, үр удам төдийгүй ард түмнээсээ уучлал гуйж, мэхийн хүндэтгэл үзүүлдэг билээ.
УИХ-аас баталсан хуулийн дагуу 1998 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлтэд өртөж байсан олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэж ирлээ.
1922-1990 он хүртэлх хугацаанд хэлмэгдсэн хүний тоо 37 мянга гаруй байснаас 30 мянга нь хилс хэрэгт гүтгэгдсэн болохыг нь тогтоон цагаатгажээ. Хэлмэгдүүлэлтийн үеэр Монголын насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 10.9 хувь, нийт ард түмний таван хувь нь өртсөн гэдэг.
Монгол Улсын хөгжлийн түүхийг чангааж, ард түмэн элгэн садан эмтрэн шаналсан он жилүүдийг БИД МАРТАХ ЁСГҮЙ!
Өнөөдөр ардчилсан, шударга нийгмийг цогцлоох эрхэм зорилгоо Үндсэн хуулиараа тунхагласан ард түмэн.
УИХ нийгэмд шударга ёсыг тогтоох, хүний эрхийг дээдлэхийг хууль тогтоох бүхий л үйл ажиллагаандаа шингээж ажиллахыг зорьж байна. Түүхийн хар мөрийг бид өнөө цагт ч эргэн санаж, сургамжлан чандалж явах учиртай.
Хэлмэгдүүлэлтийн гашуун түүх дахин хэзээ ч давтагдах ёсгүй билээ.