Сарьсан багваахайнаас гаралтай Нипа вирусээр Энэтхэгт 12 настай хүү амиа алджээ

Энэтхэгт сарьсан багваахайнаас гаралтай Нипа вирусээр арав гаруй хүн өвдөж, 12 настай хүү нас барсан байна. Нас барсан хүүгээс авсан дээжнээс Нипа вирус илэрсэн бөгөөд хүү нас барахынхаа өмнө тархи, зүрхний булчин өвдөх зэрэг шинж тэмдэг үзүүлж байсан гэнэ. Одоогийн байдлаар энэ вирусээс хамгаалах вакцин бүтээгдээгүй байна.

ДЭМБ-ын мэдэгдсэнээр, Нипа вирус үхэлд хүргэх эрсдэл маш өндөр буюу 40-75 хувь гэнэ. Харьцуулж үзвэл, өдгөө дэлхийг нөмөрч буй Covid-19 өвчний үхэлд хүргэх эрсдэл 1-2 хувь юм. Гэхдээ Нипа вирус цар тахлыг бодвол халдварлах чадвар арай сул гэнэ. Тухайлбал, цар тахал агаар дуслын замаар дамждаг бол Нипа вирус ахуйн хүрээнд, ойрын харилцаанд орсон хүмүүсийн дунд тархдаг ажээ.