Токиогийн олимпоор шагналт байранд орсон тамирчдыг 20 сая төгрөгөөр шагналаа

Токиогийн олимпын наадмын боксын төрөлд эрэгтэйчүүдийн -57 кг жинд өрсөлдөж, шагналт тавдугаар байрт орсон тамирчин Э.Цэндбаатарт Засгийн газраас 20 сая төгрөгөөр шагналаа. Батламжид:

“Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатар танаа, Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг Токио-2020 зуны олимпт дэлхийн шилдэг тамирчидтай хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж боксын төрөлд тавдугаар байр эзэлсэн бахдам амжилт, эх орныхоо нэрийг цуурайтуулан дэлхий дахинд сурталчлан таниулж биеийн тамир спортоор хичээллэхийн ач холбогдол үлгэр дуурайллыг өөрийн биеэр үзүүлсэн хувь нэмрийг тань өндрөөр үнэлж 20 САЯ төгрөгөөр шагнаж, батламж гардуулав. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ” гэжээ.

Мөн чөлөөт бөхийн төрөлд шагналт тавдугаар байр эзэлсэн Б.Хонгорзул, Ц.Намуунцэцэг болон жүдо бөхийн төрөлд шагналт тавдугаар байр эзэлсэн Н.Алтанцэцэг нарыг 20 сая төгрөгөөр шагнав.