Өс хонзонгийн сэдлээр гэртээ нь шатаахыг завджээ

Энэ оны есдүгээр сарын 28-ны өдрийн 05 цаг 45 минутанд “Манай гэрийг гаднаас нь цоожлоод шатаасан байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хэргийн газарт ажиллахад “Чингэлтэй дүүргийн 9-р хороо .. тоотод оршин суух С нь бага охин Н, том охин М-ийн хүүхдүүдийн хамт дөрвүүлээ амарч байх үед бага охин Н ээжээ утаа үнэртээд байна” гэж сэрээсний дагуу гаднаас нь цоожилсон байсан хаалгаа эвдэн гэрээсээ гарцгааж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн нөхцөл байдал тогтоогджээ.

Хэргийн шалгалтын явцад тухайн тоотод оршин суудаг М-тэй хувийн харилцаатай 27 настай эрэгтэй З гэгч нь өс хонзонгийн сэдлээр иргэн С, Н, А, Н нарыг монгол гэрт унтаж байхад нь гэрийн хаалгыг гадна талаас нь цоожлон, гэрийн баруун урд талаас санаатайгаар галдан шатаасан байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдон Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.