Д.Ганбат: Н.Ганибал, Ж.Батсуурь нарыг намаас хаслаа

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр /2021.10.18/цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Ардчилсан намын бүлэг өнгөрсөн долоо хоногийн Даваа гаригт хуралдсан. Энэ хурлаар Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал намын зохион байгуулалтын асуудлаар ярилцах санал гаргасан. Гэхдээ Ардчилсан нам Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулиар 11 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан.
Энэ оны долдугаар сарын 5-нд Засгийн газартай хариуцлага тооцох шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлэхээр явж байгаа. Учир нь өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, эрүүл мэнд, ард түмний амьдрал үнэхээр хүнд хэцүү болсон байна. Тиймээс Улсын Их Хурал дахь 19 гишүүн гарын үсэг зурдаг. Манайх 11 гишүүнтэй, хоёр гишүүн нэгдээд явж байсан. Нийт гишүүдээс нэлээд гишүүн нь гарын үсэг зураагүй. Гарын үсэг зурсан гишүүд нь эргэж, буцаж байна. Ардчилсан намын бүлэгт янз бүрийн байдлаар дарамт үзүүлж байна.
Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан нам дээр шат шатны шүүхийн шийдвэр гарч, ямар нэгэн маргаан байхгүй болсон. Ардчилсан нам бол хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байна гээд Ардчилсан намын бүлгийн дарга надад чиглэл өгч, тогтоол хүргүүлсэн. Ардчилсан намын үндсэн дүрмийн дагуу 2021 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 27, 28 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолоор Н.Ганибал Ж.Батсуурь, Ц.Туваан нар нь Ардчилсан намын дүрмийн 3.9.1.15, 3.9.1.18, 3.9.1.20  заалтууд болон дүрмийн 6.2, 2.4, 6.2.6 заалтуудыг зөрчиж, намын эсрэг үйл ажиллагаа удаа дараа явуулсныг тогтоож, үндсэн дүрмийн дагуу намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасах сахилгын шийдвэр гаргасан. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг явуулсан байна лээ. Манай Ардчилсан намын бүлэг найман гишүүнтэй болж байна. Гурван гишүүн дөрвөн жилийн хугацаатай сахилгын шийтгэл авч, намаасаа хасагдсан.