Н.Ганибал: АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн

АН-аас хөөгдсөн гэх Ж.Батсуурь, Н.Ганибал, Ц.Туваан нарын гишүүд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Н.ГАНИБАЛ:

-Бүлгийн хурлаар шийдвэр гаргалаа. УИХ-ын тухай хуулийн дагуу АН-ын бүлгийн үйл ажиллагааны дагуу УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг бүлгийн даргын үүрэгт ажлаас чөлөөллөө. Бүлгийн даргын албан тушаалыг бүлгийн дэд дарга Н.Ганибалд шилжүүлэх шийдвэр гаргалаа. Манай бүлэг 13-уулаа.  Гишүүн бүлгээс гарах, шинээр орох бүх асуудлыг УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр тодорхой заасан. Бүлгийн гишүүн өөрөө хүсэлтээ өгсөн тохиолдолд бүлгээс гарна. Бусад тохиолдолд хэн нэгэн иргэн, бүлгийн дарга зарласнаар бүлгээс гарахгүй.

Ц.ТУВААН:

-Долоо хоног бүрийн Даваа гаригт бүлгийн дарга Д.Ганбат гишүүнээ хөөж, тушаал шийдвэр уншдаг боллоо. УИХ-ын гишүүд хуулиар олгогдсон бүрэн эрхтэй. Энэ нь өөрөө УИХ-ын даргад өргөдөл өгсөн тохиолдолд тухайн бүлгээс гаргадаг. АН-тай холбоотой хууль, шүүхийн асуудал олон бий. Шүүхийн шийдвэр аль ч талд гараагүй байхад өөрсдийн талд гарсан мэтээр тайлбарладаг Д.Ганбат байна. Бүлгийн гишүүдийг дураараа хөөх нь хууль бус.