УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийн онцлох заалтуудтай танилц

Ес зүйн хорооны дарга Б.Бат-Эрдэнэ гишүүнээр ахлуулсан С.Бямбацогт, С.Ганбаатар, Н.Ганибал, Л.Энх-Амгалан нарын гишүүд УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн шинэчилсэн найруулгын төслөө боловсруулж, өнгөрсөн гуравдугаар сарын 24-нд өргөн барьсан.

Учир нь сүүлийн жилүүдэд УИХ-ын гишүүдийн талаарх таагүй мэдээллүүд шил шилээ даган гарч байгаад иргэд шүүмжлэлтэй хандах болсон. Сануулахад: УИХ-ын гишүүд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж ЖДҮХС-аас их хэмжээний зээл авч иргэдийнхээ боломжийг хулгайлах, хахуулийн асуудалд холбогдох явдал. Мөн  УИХ-ын гишүүн хүчингийн хэрэгт холбогдон тэр нь шүүхээр батлагдаж хорих ял сонссон. Түүнчлэн концессоор их хэмжээний мөнгийг хамаарал бүхий компанидаа авсан зэрэг таагүй зүйлс нь иргэдийн бухидлыг маш ихээр төрүүлж,  УИХ-ын гишүүдэд, цаашлаад төрд итгэх итгэлийг нь өдөр өдрөөр унагаж буй. 2020 онд шинээр сонгогдсон УИХ-ын гишүүдийн талаарх таагүй мэдээллүүд ч хөвөрсөөр байна.

Тийм ч учраас гишүүдэд сахилга бат, ёс зүйтэй байх ёстой цаашлаад бүр эргүүлэн татдаг болгох хэрэгтэй хэмээн хуульчид болон иргэд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлэх болсон билээ.

Тэгвэл УИХ-ын Ёсзүйн хорооны даргаар ахлуулсан ажлын хэсгийн шинэчлэн найруулсан дүрмийн төсөлд зөрчил гаргасан гишүүнд зөрчлийн шинж байдлыг харгалзан сануулга өгөх, хатуу сануулга өгөх, уучлал гуйх, цалингийн хэмжээг зургаан cap хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах зэрэг хариуцлага ногдуулахаар тусгажээ.

Өргөн барьсан гишүүний ёс зүйн дүрмийн зарим онцлох зохицуулалтуудыг нь танилцуулъя.

Чуулган, Байнгын хорооны хуралдааны танхимд зохисгүй байдал гаргахыг хориглоно

  • Гишүүн нь өвчтэй, чөлөөтэй, дотоод, гадаадад томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд товлосон хугацаанд ирж оролцох үүрэгтэй.
  • Гишүүн нь өвчтэй буюу өвчтэй хүн асарсан бол эмнэлгийн магадлагаа, гадаад, дотоод албан томилолтоор явсан бол томилолтын хуудсыг, түүнчлэн хурал, зөвлөгөөнд зайлшгүй оролцох шаардлагатай бол УИХ-ын даргаас өгсөн зөвшөөрлийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд албан ёсоор хүргүүлнэ.
  • Гишүүн нь нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааны дэг зөрчиж хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, хуралдаанд үг хэлэх, байр сууриа илэрхийлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох, нэр төрийг нь гутаахыг хориглоно.
  • Гишүүн нь үзэл бодол, байр сууриа илэрхийлэхдээ албан ёсны бодлого, эх сурвалжийг баримтлах ба олон нийтийг төөрөгдүүлэх, үндэслэлгүй мэдээлэл тараахыг хориглоно.
  • Гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хувийн ашиг сонирхлоор аль нэг хүн, хэсэг бүлэг хүмүүс, байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжихийг хориглоно.
  • Гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгох зорилгоор удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, хууль санаачлах, боловсруулах, санал хураалтад оролцохыг хориглоно.
  • Гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ нууцын талаарх хууль тогтоомжийг баримталж, төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалсан нууцыг чанд хадгална.
  • Гишүүний харилцуур утас болон бусад тусгай хэрэглээний холбооны хэрэгсэл төрийн хамгаалалтад байх бөгөөд бүрэн эрхээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа явуулахтай холбогдсон бусад гишүүн, аливаа этгээдийн шуудан, захидал харилцааны болон мэдээллийн нууцыг задруулахыг хориглоно.
  • Гишүүн нь төрийн байгууллагын албан хаагчаар албаны чиг үүрэгт нь үл хамаарах ажил, үүрэг гүйцэтгүүлэхээр удирдамж, заавар, чиглэл өгөх, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш үйлдэл, эс үйлдэхүй хийхийг шаардахыг хориглоно.
  • Гишүүн нь төрийн ёслол, хүндэтгэлийн болон Төрийн ордны дэг журмыг чанд баримлахаас гадна УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралдааны танхимд биеэ зөв авч явах, зохисгүй байдал гаргахыг хориглоно.

Бусдаас хандив, мөнгөн хөрөнгө, шан харамж  гаргуулахыг хориглоно

  • Гишүүн нь төрийн байгууллагын эд хөрөнгө, техник, тээврийн хэрэгсэл, санхүүгийн нөөц болон мэдээллийг зөвхөн албан ажлын хэрэгцээнд ашиглана.
  • Гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Монгол Улстай холбоотой аливаа асуудлаар гадаадын байгууллага, албан тушаалтанд амлалт өгөхгүй байх, мөн гадаад улсын аж ахуйн нэгж, байгууллагын нөлөөнд автаж эх орны ашиг сонирхолд харшлах үйлдэл хийхийг хориглоно.
  • Гишүүн нь гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг гэр бүлийнхээ болон хувийн санхүүгийн байдлыг дээшлүүлэхэд ашиглахыг хориглоно.
  • Гишүүн нь гэр бүлийн гишүүнийг бусад байгууллагын орон тоонд томилуулах, санал болгохыг хориглоно.
  • Гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулж бусдаас хандив, мөнгөн хөрөнгө, шан харамж  гаргуулахыг хориглоно.

Гадаад, дотоодын ААН, иргэний зардлаар гадаадад зорчихыг хориглоно

  • Гишүүн нь гишүүний бүрэн эрхэд харшилсан санхүү, худалдааны болон бусад ижил төстэй хэлэлцээрт оролцохыг хориглоно.
  • Гишүүн нь ажил үүргийн дагуу олж авсан мэдээлэл, мөн өөрийн ажил үүрэгт холбогдолгүй албан ажлын хүрээнд олж авсан мэдээллийг хууль бусаар ашиглахгүй байх, бусдад ашиглуулахыг хориглоно.
  • Гишүүн нь бүрэн эрхээ хэрэгүүлэхдээ бусдын ашиг сонирхлын нөлөөнд автах, эдийн засгийн хараат байдалд орохыг хориглоно.
  • Гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ  явцдаа өөрийн нэр хүнд, эрх мэдлийг  ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олж авах,  давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах, бусдад нөлөөлөх оролдлого хийхийг хориглоно.
  • Гишүүн нь бүрэн эрхийнхээ хүрээнд асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөхийг хориглоно.
  • Гишүүн нь хууль тогтоомжоор хориглосон аливаа ажил, албан тушаал эрхлэх, түүнчлэн цалин хөлс, урамшуулал авах, өгөхийг шаардахыг хориглоно.
  • Гишүүн нь бүрэн эрхийнхээ хугацаанд хуулиар зөвшөөрсөн албан тушаал хавсран гүйцэтгэснээс олох орлогын хэмжээ нь гишүүний жилийн үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй байвал зохино.
  • Гишүүн иргэдийн боловсролыг дээшлүүлэх, оюуны хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор яриа хийх, илтгэл тавих, өгүүлэл, ном бичсэнийхээ төлөө урамшуулал авч болох бөгөөд энэхүү орлогоо хөрөнгө, орлогын мэдүүлэгт заавал тусгана.
  • УИХ-ын даргын зөвшөөрөлгүйгээр Засгийн газар, түүний байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэний зардлаар гадаадад зорчихыг хориглоно.

Гадаадад томилолтоор ажиллахдаа зохисгүй үйлдэл гаргахыг хориглоно

  • Гишүүн нь зөвхөн эрх бүхий албан тушаалтны шийдвэр, зөвшөөрлөөр гадаад, дотоодод томилолтоор зорчих ба ийнхүү зорчихдоо батлагдсан удирдамж, чиглэлийг чанд баримтална.
  • Гишүүн гадаад улсад албан томилолтоор ажиллах хугацаандаа Монгол Улсын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байж, дипломат ёсыг чанд баримтлах үүрэгтэй.
  • Гишүүн гадаад, дотоодод томилолтоор зорчихдоо нийт ард түмнээс сонгогдсон элчийн хувьд УИХ, эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж, зохисгүй үйлдэл гаргахыг хориглоно.
  • Ерөнхийлөгч, УИХ-ын даргын зөвшөөрөлгүйгээр гадаад орны төрийн дээд цол, одон медаль, төрийн бусад шагнал авахыг хориглоно.
  • Гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхол нь хөндөгдөх дотоод, гадаадын аливаа иргэн, хуулийн этгээдэд хууль бусаар давуу байдал олгох, тэдэнтэй үгсэн тохирох, амлалт өгөх, тэднээс бэлэг, шан харамж, хөнгөлөлттэй үйлчилгээ, зээл авах, бусад хангамж эдлэх, эсхүл эдгээрийг хүсэх, шаардах замаар эдийн болон эдийн бус эрх олж авахыг хориглоно.
  • Гишүүн нь эрх мэдлийнхээ хүрээнд хянан шалгаж байгаа байгууллага, албан тушаалтнаас бэлэн мөнгө болон мөнгөөр үнэлэгдэх үнэт зүйлс, үнэ төлбөргүйгээр үйлчилгээ авахыг хориглоно.
  • Гишүүн нь УИХ-д сонгогдохоосоо өмнө оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол холбогдох байгууллагад урьдчилан мэдүүлнэ. Энэ нь нэр дэвшигчийн хамаарал бүхий этгээдэд нэгэн адил хамаарна.
  • Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо гишүүний ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хууль, Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн дагуу хянан шийдвэрлэнэ.
  • Гишүүний ёс зүйн зөрчлийн хэм хэмжээ нь гэмт хэргийн болон авлигын шинжтэй бол Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар харьяаллын дагуу холбогдох байгууллагад албан бичгээр шилжүүлнэ.
  • Б.Ядам