Улсын онцгой комиссын Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр омикрон хувилбар Монгол Улсад бүртгэгдэж болзошгүй эрсдэлийн талаар мэдээлэл өглөө. Монгол Улсын холбогдох байгууллагууд омикрон хувилбарын эрсдэлийн үнэлгээ хийсэн байна. Уг үнэлгээгээр омикрон хувилбар Монгол Улсад тархах өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан. Т “Гадаадаас ирж байгаа иргэд маш хариуцлагагүй байгаа нь омикрон хувилбар тархах эрсдэл дагуулж байна. Тухайлбал, гадаадаас ирээд, гэрийн тусгаарлалтад орсон иргэд гурав, дөрөв дэх шинжилгээгээ өгөх ёстой. Гэвч дээрх иргэдийн 30 хувь нь шинжилгээ өгсөн бол үлдсэн 70 хувь нь шинжилгээ өгөхгүй байна. Энэ хэвээр байвал нөхцөл байдал хүндрэх, халдварын тохиолдол нэмэгдэх эрсдэлтэй байна гэсэн юм.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайханы өгсөн мэдээллээр, гадаадаас ирж байгаа иргэн PCR шинжилгээгээр Covid-19-ийн халдвартай нь тогтоогдвол хувилбарын тандалт хийдэг. Хувилбарын тандалтыг хоёр хувилбараар хийдэг. Гэхдээ омикрон хувилбар 30 гаруй удаа мутацид орсон. Үүнд нь альфа болон дельта хувилбарт байдаг мутаци ч бий. Тиймээс омикрон мөн эсэхийг генийн дарааллаар тогтоодог юм. Генийн дараалал тогтоох шинжилгээ лабораторийн маш олон үе шаттай байдаг тул хариу нь 8-10 хоног зарцуулдаг. Ингээд лабораторийн үе шат дууссаны дараа генийн дарааллыг угсарч тогтооход долоо хоногийн хугацаа шаарддаг. Ингээд шинжилгээний хариуг баталгаажуулахын тулд дээжийг Япон улс руу явуулж, дахин шинжлүүлдэг. Үүний дараа эцсийн хариу гардаг тул омикроныг тодорхойлоход хугацаа их шаардаж байна. ХӨСҮТ-өөс долоо хоног тутам гаргаж буй тоймоос үзэхэд Монгол Улс Covid-19-ийн гуравдугаар давалгаа буюу дельта хувилбарын ард гарч байна гэсэн билээ.