Зүлэг дээгүүр явж эрэн сурвалжлагдаж байсан жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ баригдлаа

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Наадамчдын гудамж буюу Яармагийн замд приус маркын автомашины жолооч нь зорчих хэсгийн хашлага давж, хориглосон хэсэг бүюу зүлэг талбай дээгүүр явсан зөрчил гаргасан бичлэг цахим сүлжээнд байршсан.

Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид тухайн тээврийн хэрэгслийг улсын дугаараар нь зарлан мэдээллийг алба хаагчдад хүргүүлснээр өчигдөр замын хөдөлгөөнд оролцож байхад нь илрүүлсэн байна. Улмаар драйгер үлээлгэхэд согтуурлын зэрэг 0,93 тай гарсан байна.

Тэрбээр үүнийгээ тайлбарлахдаа “Долдугаар сарын 22-нд зургаан цагийн орчимд наадамчдын гудамж, Хүннү молл худалдааны төвийн зам дагуух ногоон байгууламж дээгүүр явсан. Түгжрээд байсан болохоор яараад яалт ч үгүй брожур даваад явсан. Энэ машин миний нэр дээр байдаггүй. Өөр хүний нэр дээр байдаг. Сая гэрт хүйтэн айраг байхаар нь айрагнаас уугаад гараад ирсэн. Тэгээд драйгер үлээсэн 0,93 гарчихлаа. Айрагнаас ингэж гарахыг ёстой мэдсэнгүй. Нийт жолооч нартаа хандаж хэлээд дүрмийн дагуу хөдөглөөндөө оролцоорой гэж хэлье” хэмээсэн байна.

Тээврийн цагдаагийн албанаас тухайн жолоочид Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. Зөрчлийн хуулиар тухайн жолоочийн жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, 400 нэгж буюу 400 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авах заалттай юм.