Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкнаас олгосон зээлийн асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр /2022.01.26/ Коронавирусийн халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ, Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц, Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлийн талаар, Алтны төслүүдийг эрчимжүүлэх талаар, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын талаар зэрэг 30 гаруй асуудлаар хэлэлцэж, танилцахаар төлөвлөжээ. Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийнэ.

Мөн сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг эхлүүлэх эсэхийг шийдвэрлэх юм. Тодруулбал, халдварын шинээр илрэх тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа тул сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг эхлүүлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах саналыг Эрдэмтдийн зөвлөлөөс танилцуулсан. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Эрдэмтдийн зөвлөл зэрэг байгууллага өөрсдийн санал, үндэслэлүүдийг боловсруулснаар Улсын Онцгой комисст хүргүүлсэн.

Тэгвэл Ерөнхий сайд УОК болон БСШУЯ, ЭМЯ-ын саналаа нэгтгэж энэ долоо хоногт ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэг чиглэл өгсөн юм. Бид ЗГ-ын хуралдааны дараа дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.