Камила Валиевагийн допингийн хариу эерэг гарчээ

Даваа гарагт болсон уран гулгалтын багийн тэмцээнд медаль хүртсэн тамирчдад шагнал гардуулах ёслолыг Мягмарт зохион байгуулах байсан ч Олон улсын олимпын хорооноос хууль эрх зүйн нөхцөл байдлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Учир нь медаль хүртсэн нэг тамирчингийн допингийн хариу эерэг гарчээ.

Гэвч шагнал гардуулах ёслолыг хойшлуулах шалтгааны талаар Олон улсын олимпын хорооноос тодорхой тайлбар хийгээгүй. Тэгвэл Inside the Games сайтад ёслолын ажиллагаа хойшлогдсон шалтгаан нь орос тамирчдын допингийн шинжилгээний хариутай холбоотой байж магадгүй гэж мэдээллээ. Түүнчлэн эх сурвалжийн мэдээлж буйгаар Оросын багийн тамирчны олимпын өмнө өгсөн допингийн шинжилгээ эерэг гэв.

15 настай Камила Валиева допингийн асуудалд нэр холбогдсон талаар Inside the Games сайтад бичжээ.  ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков үүсээд буй нөхцөл байдлын талаар Олон улсын олимпын хорооноос албан ёсны мэдэгдэл гарах хүртэл ямар ч таамаг гаргахгүй байхыг хүссэн байна.

Эх сурвалж: ТАСС