Зээлдэгч нарыг ялгаж салгахгүйгээр бүгдийг луйварчид мэтээр  харааж хашгарах нь шударга  уу

Хөгжлийн банкны зээл улс төрийн хүрээний төдийгүй Монголын нийгмийн халуун сэдэв болон хөвөрч байна.  Чанаргүй зээлийг анхлан дэлгэн тавьсан нь МАН.  Бас энэ асуудалд хамгийн их хамааралтай, ороолцолдож мэдэх нь МАН өөрөө.  Хэрэв энэ өнцгөөс нь харвал зарим нэг ажиглагчдын бичиж байгаачлан эрх баригчдын фракц хоорондын зөрчил гадагшилж байгаа гэх таамаг үнэний ортой.

Ямартай ч болж бүтэхгүй асуудлыг олон нийтийн хараа хяналтанд оруулж байгаа нь сайн хэрэг. Талархах учиртай биз. Гэхдээ зээл хийгээд зээлдэгч гэдэг бол хүн төрөлхтний бүтээсэн ердийн хэм хэмжээ.  дүрэм журам.  Тиймээс Хөгжлийн банкны зээлдэгчийг хавтгайруулан харлуулах,  хуу хамж хараан зүхэж үл болно.

Өнгөрөгч Баасан гарагт болсон “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийн уур амьсгал яван явсаар зээлдэгч нарыг бүхэлд нь хамарч,  бүгдийг нь буруутгах  хөг аяс руу гулсчих  шиг боллоо.  “Идсэн нь ичээнд, идээгүй чоно ташууранд” гэдэг шиг энэ дунд зээлээ зориулалтаар нь ашиглаж, графикт хугацаанд нь төлөөд явж байгаа олон зээлдэгч энэ чанаргүй зээлийн салхинд хамт туугдаж байгаа нь харамсалтай.  Эндээс л ялгаж салгаж мэдээлэх шаардлагатай гэдэг нь анзаарагдаж байна билээ.

Ганцхан жишээ дурдая.  Энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулагч Н.Өнөрцэцэг “Монполимет” компанийг зээлээ төлөхийг дахин дахин сануулж шахаж шаарддаг. Үүнийг буруутгахгүй. Гэхдээ тус компани тухайн үеийн ханшаар 126 тэрбум төгрөгийн зээл авснаас  одоогийн байдлаар 118 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг хүү, ханшийн алдагдалтай нь хамт төлөөд байна гэдгээ мэдэгдсэн. Эднийх гэхэд л 30-аад тэрбум төгрөгийн ханшийн алдагдлыг аж ахуйн нэгж өөрөө үүрчээ.  Тодотгож хэлэхэд Хөгжлийн банк нь үндэсний үйлдвэрлэгчиддээ төгрөгийн зээл олгох ёстой байтал валютаар олгож, компаниуд ханшийн зөрүүгээс ихээхэн алдагдал хүлээж байгаа юм билээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр Хөгжлийн банк 100-аад тэрбумын алдагдлаа аж ахуйн нэгжүүдэд үүрүүлж байгаа гэжээ. Үүнийг дэмжлэг гэх үү, дээрэм гэж тодотгох уу.

Дээрх хэлэлцүүлгийн өөр нэг оролцогч “Протейн” ХХК-ийн захирал Н.Оюунбат: Хөгжлийн банкны зээлийг авахын тулд эд хөрөнгөө бүгдийг барьцаанд тавьсан ч одоо үйлдвэрийнхээ 10 хувийн хүчин чадлаар ажиллаж байгааг хэлсэн. Тэрбээр “Манай компани Хөгжлийн банкнаас 2017 оны сүүлээр 18 тэрбумын зээл  аваад зөрүү, алданги төлөөд явж байгаа.  2019 онд барилгын ажил дуусаад асар их үнэтэй Италийн технологи оруулж ирсэн юм. Манай үйлдвэр 6.9 сая ам.доллараар боссон. 2019 онд үйл ажиллагаагаа албан ёсоор эхлээд 2 жилийн дотор өрөө төлнө гэсэн ирмүүн хүсэлтэй явж байсан. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эхлүүлтэл ковидоос болоод хүчин чадлынхаа 10-15 хувиар л ажиллаж байна” хэмээн ярьсан. Тэрээр зээлээ сунгах саналыг Хөгжлийн банканд хэд хэдэн   тавьсан ч хүлээж аваагүй  гэдгийг хэлж байна. Эх орондоо шилдэг техник технологи үнэтэй гэлгүй нутагшуулахыг зорьж буй тус компанийн агуулахад хэдэн зуун саяын бүтээгдэхүүн бэлэн байгаа юм билээ.  Нөгөө төр засгийн экспортыг дэмжих  эгшиглэнт дуу хоолой хаашаа замхрав.

Баасан гарагийн хэлэлцүүлэгт аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл, тэр дундаа Хөгжлийн банкнаас зээл авсан томоохон компани оролцож байр сууриа хэлсэн. Тэднээс зээлээ төлөхгүй гэж хэн ч хэлсэнгүй. Гэхдээ цар тахлын нөхцөл байдал, хил гааль хаагдсан зэрэг давагдашгүй хүчин зүйлийн улмаас  хэвийн ажиллагаа доголдож байгаагаа хэлсэн. Зарим нэг үйлдвэр гэхэд л цар тахлын улмаас 2020,2021 онд 230 гаруй хоног сул зогсжээ. Үүн дээр валютаар авсан зээлийн ханшийн зөрүүгээс шалтгаалж бизнес эрхлэгчдэд нэмэлт дарамт ирж байгаа асуудал яригдсан.

Харин энэ бүхэнд тоймтой хариу өгөх, гаргалгаа хайх  албан тушаалтан  хэлэлцүүлэгт очсонгүй. Гэхдээ тэдний дуу хоолой эрхбиш эрх мэдэлтнүүдийн чихэнд хүрсэн гэж итгэе.

Энэ бүхнийг дурдахын учир нь зээлээ төлдөггүй, зориулалтын бусаар ашигласан “хулхи” зээлдэгч нарыг өмөөрч хаацайлах гэсэндээ биш юм. Хөгжлийн банкны үйл ажиллагаанд бүхэлдээ хууль ёс алдагдсан гэдэгтэй  санал нийлнэ. Гэхдээ  Хөгжлийн банк гэсэн том шүхэр дор ялгаж салгахгүйгээр бүхнийг луйварчид мэтээр  харааж хашгарах нь ШУДАРГА ЁС хийгээд ҮНЭНД үл нийцнэ гэсэн өнцгөөс нь хэлж буй хэрэг.

Бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид бол Монголын эдийн засгийн зүтгүүр хүч. Харин банкны хуудуутай зээлээ ярих гээд бизнесийн салбарынхаа нэр хүндэд хайр гамгүй халдаж байгаагаа санаж сэрэх учиртай биз ээ.

Д.Гэрэлээ