Украин улсад нөхцөл байдал хүндэрснээс 02 дугаар сарын 24-нөөс хойш Монгол Улсын 24 иргэнийг аюулгүй бүсэд оруулсан. Тэднээс 3 нь өчигдөр эх орондоо ирсэн бол 15 иргэн 03 дугаар сарын 03-нд Монголд ирнэ. Мөн гурван иргэний тийз өнөөдөр баталгаажсан бол 2 хүн сайн дураараа үлдэхээр болсон. Польшийн хил дээр 8 иргэн ирсэн, ЭСЯ-ны ажилтнууд татаж авахаар ажиллаж байна. Одоо Харьков хотод 23 иргэн хамгийн аюултай бүсэд бүгд хоргодох байранд байна. Тэдний 18 нь оюутан юм. Тэднийг аюулгүй татаж авахаар ОХУ-ын ЭСЯ-тай мэдээлэл солилцож байна гэдгийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр хэллээ.
Харьков руу орох, гарах хөдөлгөөн бүрэн хаагдсан учраас хоол хүнс, тусламж оруулах боломжгүй байгааг ГХЯ-наас мэдээлж байна.
Украин улс дахь нөхцөл байдал хүндэрсэн учраас оюутнууд эх орон руугаа буцахаар ЭСЯ болон консулын албанд хандсан ч “дайн болохгүй, дайн болохыг нотол” гэхчлэнгээр тохуурхсан байдаг. Тэгвэл оюутнуудтай зүй бусаар харьцаж, буруу мэдээллээр хүнд байдалд оруулсан Элчин сайд болон Элчин сайдын яамны ажилтнуудтай хариуцлага ярина гэдгийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр хэллээ.