Дээд шүүх Монголын төв намыг бүртгэхээс татгалзжээ

Дээд шүүхийн шүүгчид Монголын төв нам (МТН)-ыг үүсгэн байгуулсныг бүртгүүлэхээр ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул улсын бүртгэлд  бүртгэхээс татгалзжээ. Учир нь тус нам 960 гишүүний бүртгэл ирүүлсэн, бүртгэл дэх гишүүдийн мэдээлэл  Улс төрийн намын тухай хуулийн 9.3.7-д заасан шаардлага (овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг)-ыг хангаж байгаа эсэхийг шалгуулахад 631 хүний мэдээлэл дутуу болон зөрүүтэй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдсон байна.

Тиймээс Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Улсын дээд шүүх намыг дараах үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана”, 10 дугаар зүйлийн 10.1.3-т “гишүүдийн тоо нь энэ хуулийн 9.3.7-д заасан тоонд хүрээгүй буюу бүртгэлд орсон гишүүн нь өөр намын харьяалалтай, эсхүл өөр хүн төлөөлсөн” гэж заасныг баримтлан Монголын төв нам (МТН)-ыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.