Орон гэргүй иргэдийг нийгэмшүүлнэ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл Хан-Уул дүүрэгт ажиллах үеэрээ тус дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Өлзийт Асар” ТББ-ын түр хоноглох байрын үйл ажиллагаатай танилцсан юм.
Энд гэр оронгүй, тэнэмэл, архины хамааралтай 60 орчим хүн байрладаг бөгөөд тэднийг нийгэмшүүлж сэтгэл заслын үйлчилгээг үзүүлдэг байна. Тус төвийн дарга Л.Баянмөнх “Ийм хүмүүс ижил асуудлыг даван туулсан хүнтэй ойр байж тэдний нөлөөгөөр амархан засал авч амьдрах итгэлтэй болдог. Бид олон жил энэ үйл ажиллагааг явуулахдаа чамгүй туршлага хуримтлуулсан. Сургалтын арга ч боловсруулаад байна” гэсэн юм.
Орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх, амьдрах итгэлийг нэмэгдүүлэх, бичиг баримтжуулах талаар санал солилцож, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудтай уулзалт зохион байгуулахаар боллоо.
Мөн тус хорооны иргэн Д.Бямбажав, Ж.Баярсайхан нартай уулзсан юм. Тэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдаж өрхийн үйлдвэрлэл үйлчилгээг амжилттай явуулж байна. Мужаан мэргэжилтэй Д.Бямбажав сийлбэртэй модон эдлэл, гэр үйлдвэрлэдэг. Ж.Баярсайхан анх дугуй засвар ажиллуулахаар хүүгүй барьцаагүй жижиг зээл авч байсан бол өдгөө авто угаалгын газар, үсчин маникюр, фитнес заал нээн ажиллуулж байна.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл энэ өдөр мөн Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн албан хаагчдад зорилт, арга хэмжээ, шинээр нэмэгдэж буй төсөл хөтөлбөр, дүрэм журмын шинэчлэлийн талаар танилцуулга хийж мэргэжилтнүүдийн санал бодлыг нь сонслоо гэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.