Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах хүсэлтээ “e-Mongolia” системээр дамжуулан гаргуулаарай

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал нийгмийн даатгалын үйлчилгээний цахимжуулалтын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Эмнэлгийн хуудас буюу листийг энэ оны нэгдүгээр сарын 17-ноос цахимаар олгож эхэлсэн. Өөрөөр хэлбэл, даатгуулагч, иргэн олон шат дамжлага дамжиж цаг хугацаа, зардал мөнгө гаргахгүйгээр эмнэлгийн хуудас буюу листээ бичүүлж, улмаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ цахимаар авах боломж бүрдэж байгаа. Мөн тус үйлчилгээг цахимжуулснаар даатгуулагч, ажил олгогч, эмч, нийгмийн даатгалын байгууллага жилд нэг тэрбум төгрөг хэмнэх юм. Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 17-ноос дөрөвдүгээр сарын 25-н хүртэл цахимаар 48 мянган цахим эмнэлгийн хуудас буюу лист бичүүлж тэтгэмжээ авсан байна” гэх мэдээллийг өглөө. Ташрамд дуулгахад, үйлчилгээ авахдаа:

  1.  www.e-mongolia.mn сайтад нэвтэрч орох
  2. Үйлчилгээнүүд цэсээс Нийгмийн хамгаалал гэсэн дэд цэс рүү орох
  3. Нийгмийн хамгаалал дэд цэс дотор Даатгал гэсэн үйлчилгээ бий
  4. Даатгал гэсэн үйлчилгээн дээр дармагц жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах хүсэлт гэсэн үйлчилгээг авах боломжтой юм байна.