П.Батчимэг: Ээж минь хэргийн эзэн хэн болохыг Монголын төрөөс 2 чихээрээ сонсчихоод явах болноо гэж хэлэхийг сонсоод зүрх рүү зүүгээр шивэх шиг боллоо

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд учир битүүлгээр амиа алдаад гурван жил болж буй боловч одоо болтол эзэн холбогдогчийг нь олж чадахгүй байсаар байна.

Түүний дүү АН-ын гишүүн П.Батчимэг энэ талаар өөрийн цахим хуудастаа “Нарт хорвоод налайсан ханайсан Ах минь үгүй болоод 3 жил боллоо.🙏🙏🙏 Ойрын хоногуудад Ахдаа буян номын ерөөл авч, Гандан дацан хийдүүдээр бид явлаа🙏 Олон зуун лам хуваргууд дуган дацандаа өглөөнөөс орой хүртэл ерөөл номоо уншсаар л байгаа.🙏 Ахын маань буян заяа үгээр хэлэхийн аргагүй өндөр юм даа🙏 Гандан дуганд ном хурж, түмэн олон сүсэгтнүүд хаа нэг газраас харан харан бидэн дээр ирж, ерөөл аваарай гээд мөнгө өгөх, хажуу дэргэд суугаад таньдаг хүн шигээ Ахыг маань магтан шагшиж, харамсан гуниглахыг давхар харж суухдаа амьдарсан шиг амьдарсан Ахыгаа ард түмний хүү аргагүй байж дээ гэж залбирч суулаа.🙏Настай ээж минь 3 жил гэртээ бурхан шүтээнийхээ урд таг сууж, зул хүж, маань мэгзэмээ тасалсангүй тэнгэрт байгаа хүүдээ л 🙏 залбиран мөргөж, үгүйлэн санаж, өр зүрхээ чангалан номондоо суудаг. ❤️❤️❤️Өнөө өглөө ээж минь над руу утасдаад “ За миний охин ээж нь энэ өглөө бүр эрт бослоо, номоо уншиж байна. Ээж нь энэ хэргийн эзэн хэн болохыг Монголын төрөөс 2 чихээрээ сонсчихоод явах болноо, төр түмэн нүдтэй, төрсөн бие хоёр нүдтэй шүү” гэж ямар зоримог, хүчтэй хэлснийг сонсоод зүрх рүү зүүгээр шивэх шиг болсон. Эх үр, элбэрэлт хань, үр хүүхдүүд, ахан дүүс биднийг хагацуулсан аймшигт энэ хар өдрийн учир тайлагдах цаг ирнэ гэдгийг Эх хүний нарийн совин мэдрэмж нэгийг хэлж буй байхаа гэж л тайтгарья даа. 🙏🙏🙏Ум ма ни бад мэ хум🙏🙏🙏’ хэмээн бичсэн байна.