Гачууртаас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил дуусч, зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаны төлөөлөл, ерөнхий болон туслан гүйцэтгэгч компанийн ажилчид, иргэд, олон нийт оролцов.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээлтийн үеэр “Налайхын зам 60 гаруй жил болж байгаа тул хуучирч, эвдрэл ихтэй, осол гарах эрсдэл их байсан. Тиймээс шинэчлэх шаардлага зайлшгүй тулгарсаар ирсэн. Өмнө нь бага зардлаар урт зам барихыг илүүд үздэг байсан бол одооноос ашиглалтын хугацаа урттай, чанартай зам барихыг хичээдэг болсон. Энэ зун бороо хур ихтэй байсан тул замын ажилд 29 хоног алдсан ч Монгол, Хятадын ажилчид хичээнгүйлэн ажилласны үр дүнд хугацаандаа ашиглалтад оруулж байна. Энэхүү ажилд гар бие оролцсон бүх хүнд талархлаа илэрхийлье. Гэхдээ энэ зам бол хурдны зам биш гэдгийг иргэд, олон нийт анхаарах ёстой. Замын хөдөлгөөний дүрмээ чанд сахихыг иргэддээ анхааруулж байна. Бусдыг хүндлэн дураараа биш дүрмээрээ зорчихыг хүсье. Алтан шаргал зам нь өлзийтэй байх болтугай” хэмээлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, богино хугацаанд, чанартай сайн зам тавих боломж нөхцөлөөр хангаж, зохион байгуулалт хийж дэмжсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд талархлаа илэрхийлье. Мөн хур бороо, халуун нар, үдэш оройн жихүүн салхи гээд байгаль цаг агаарын бүхий л нөхцөлд боломж бүрийг алдалгүй нөр их хүчээ дайчлан ажилласан гүйцэтгэгч компанийн нийт ажилтан, албан хаагчдад нийслэлчүүдийнхээ өмнөөс талархлаа илэрхийлье. Энэ зам бол хөгжлийн зам гэж харж байна. Учир нь Тэрэлж, Цонжин Болдог гэх мэтчилэн манай улсын түүх соёл, аялал жуулчлалын бүс рүү зорчих эрчмийг нэмэгдүүлэхээс гадна зүүн бүсийн аймгуудыг хоттой холбох гол зам болж буйгаараа ач холбогдолтой юм. Цаашлаад эрүүл мэнд, спорт аяллын зам гэж хэлж болно. Ирэх хавар энд Яармагийн гүүрнээс Налайх, Цонжин Болдог хүртэл гэр бүл, найз нөхөд, хамт олноороо дугуйн аялал хийх боломжтой дугуйн зам ашиглалтад орно” хэмээсэн юм.

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэн, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигчдын аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон давуу талтай. Мөн босоо тэнхлэгийн авто зам буюу Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто замын транзит ачаа тээврийг нэвтрэн өнгөрүүлэх чадварыг дээшлүүлж байгаагаараа онцлогтой.

Төслийн хүрээнд одоогоор 85,730 шоо метр хөрс хуулж, 568,538 ам метр далангийн дүүргэлт хийснээс гадна 20.26 км хэсэгт цементээр бэхжүүлсэн суурь, 18,4 км хэсэгт суурь асфальтан хучилт, 19 км тусгаарлах хашлага суурилуулах ажлууд хийгджээ. Дулааны улирал эхэлсэн үед дахин дөрвөн сантиметр асфальтан хучилт нэмж хийх бөгөөд явган хүний, дугуйн зам гаргаж, 2020 оны долдугаар сарын 01 гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй аж. Өнөөдрийн байдлаар гэрэлтүүлэг, замын тэмдэглэгээний ажлууд хийгдэж байна. Нийт 900 ширхэг гэрлийн шонг 30 метр тутамд байршуулна.

Ирэх онд өнгө хучилтын ажлыг хийх хүртэл хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотойгоор хэвтээ тэмдэглэлийг түр хийжээ. Мөн Налайх чиглэлийн авто замын дагуу Туул гол дээгүүр 282 м урт, дөрвөн эгнээ зорчих хэсэг, явган зам бүхий Баянзүрхийн шинэ гүүрийн барилгын ажил дуусч, хөдөлгөөнийг нээлээ.

Мөн энэ үеэр Улаанбаатар-Налайхын чиглэлд анх удаагаа байгалийн шингэрүүлсэн хийн /CNG/ хөдөлгүүрт 45 хүний суудалтай том оврын зургаан автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд гаргалаа. Шинэ зам ашиглалтад орж, иргэд нийтийн тээврийн үйлчилгээндээ агаарын бохирдол үүсгэхгүй, байгалийн шингэрүүлсэн хийн хөдөлгүүрт тав тухтай автобусаар үйлчлүүлэх болсондоо баяртай байгаагаа Ерөнхий сайд, Хотын дарга болон бусад холбогдох албаны хүмүүст илэрхийлсэн юм.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс