Европын холбоо Украины экспортын улаан буудайг газраар тээвэрлэхээр тохирчээ

Европын холбооны эрх баригчид Украины экспортын улаан буудайг газраар тээвэрлэхээр тохирсон байна. ОХУ-ын арми Хар Тэнгисийн Одесс боомтыг хааснаас Украин улаан буудайн экспортоо далайгаар хийх боломжгүй болсон юм. Одоогоор Украины Одесс боомтод экспортод гаргахаар бэлтгэсэн 20гаруй сая тонн улаан буудайн тээвэр гацсан байгаа юм.

Европын холбооны эрх баригчид Оросын Украинд хийж байгаа дайны улмаас үүссэн үр тарианы хомсдолыг хэрхэн арилгах арга замуудыг Брюссель хотноо хоёр өдөр хэлэлцэж, газраар тээвэрлэх нь хамгийн зөв шийдэл гэж үзсэн аж.

Энэ талаар Европын комиссын ерөнхийлөгч Урсула Фон дер Лайен “Боомтын гарцыг Оросын тал хааснаас хойш Украинд гацсан 20гаруй сая тонн үр тариаг гадаад зах зээлд гаргах ёстой. Тиймээс улаан буудайн зарим хэсгийг автозам болон төмөр замаар Европын холбооны орнуудын боомтууд руу тээвэрлэх нэгдсэн нэг маршрут гаргахаар шаргуу ажиллаж байна” гэдгээ мэдэгджээ.