УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Д.Одбаяр өндөр албан тушаал хашиж байгаа тул дипломат эрх ямба эдлэх ёстой

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярт БНСУ-ын Инчеон хотын цагдаагийн газраас хилийн хориг тавьж байцаалт авч буй. ҮХЦ-ийн дарга  Д.Одбаяр нь есөн цагийн турш байцаалт өгсөн бөгөөд ингэхдээ “архины нөлөөнд автаж, ийм үйлдэл хийсэн байж болзошгүй” хэмээн мэдүүлсэн тухай тус улсын эх сурвалжууд мэдээлсэн

Гэтэл манай зарим албаны хүмүүс энэ үйл явцыг өмгөөлөх байр суурьтай байгаа бол олон нийтийн зүгээс Цэцийн дарга Д.Одбаярыг ажлаа хүлээлгэн өгөх нь зүй ёсны хэрэг хэмээн үзэж байна.  Энэ асуудалд УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон ХҮН-ын дарга Б.Найдалаа нар дараахи байр суурийг илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:Д.Одбаяр өндөр дээд албан тушаал эдэлж байгаа тул дипломат дархан эрх ямба эдлэх ёстой.Тусгаар аливаа улсад байдаг, жишгээр зохицуулагддаг энэ хэм хэмжээг БНСУ -ын тал үл ойшоон хандаж байгаад гүнээ харамсаж байна. Цаашид хоёр тал бие биеэ үл хүндлэх нөхцөл даамжрахгүй байгаасай хэмээн бичсэн байна.

ХҮН-ын дарга Б.Найдалаа: Одбаяр яг яасан уу үгүй юу, яг хаана нь хүрсэн огт сонин биш! Онгоцонд авиргүй архидаж явсан уу явсан, асуудалд холбогдсон уу холбогдсон, Монгол төр, улсын нэр хүнд унасан уу унасан, иргэд ичсэн үү ичсэн. Өөр юу хэрэгтэй юм? Гүйцээ…. Хурдан огцруулж 3 сая хүний нэрээ цэвэрлэе! гэжээ.