А.Амундра нэр төрд халдсан хэмээн гомдол гаргажээ

Өчигдөр цахим орчинд хайртай эмэгтэйдээ 60 сая төгрөгийн үнэ бүхий сарнай бэлэглэсэн гэх пост цацагдаж олон нийтийн анхаарлыг их татсан. Өнөөдөр өглөөнөөс эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухайн 60 сая төгрөгийн үнэ бүхий сарнайг бэлэглэсэн хүн нь Ерөнхий сайдын зөвлөх А.Амундра хэмээн мэдээллээд байсан юм.

Тэгвэл тус цэцэг илгээсэн хүн нь А.Амундра биш гэдгийг Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн О.Санчирбал буюу түүний өмгөөлөгч мэдэгдэж, цагдаад хандаж худал мэдээлэл тараасан этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийг хүсчээ.