Хүүхдийн анхны сүүн шүд цухуйж эхлэхийг эцэг, эхчүүд бид “Цахиур цухуйх” хэмээн нэрлэж заншсан. Цахиур цухуйх үед ихэнх хүүхдэд таагүй мэдрэмжийг төрүүлдэг учир тэд ундууцаж, тайван бус байдалтай болж эхэлдэг.
Энэ нь хүүхэд өөрийгөө илэрхийлэх чадвар нь бүрэн гүйцэд хөгжөөгүй байдагтай холбоотой юм.
Хүүхдийн биед таагүй байдал үүсч байгааг сайтар ажиглавал:
-Ойр ойрхон уйлагнах, уцаарлах
-Бага зэрэг халуурах
-Хацар нь үл мэдэг улайж, шүлс нь гоожих
-Хоол эсвэл хөхөө хөхөө болих
-Өтгөн бага зэрэг шингэрэх
-Тоглоомоо хөхөх эсвэл мэрэх
-Шүд шүдлэж байгаа талын чихийг нухлах зэргээр илэрнэ.
СҮҮН ШҮД ШҮДЛЭХ ХУГАЦАА
Хүүхдийн 8-12 сартай байх үед анхны сүүн шүд ургаж эхэлдэг бөгөөд 25-33 сартайд нь бүрэн ургаж дуусдаг. Энэ үед дээрээ 10 шүд (4 үүдэн шүд, 2 соёо, 4 араа шүд), доороо 10 шүд (4 үүдэн шүд, 2 соёо, 4 араа шүд) зэрэг нийт 20 шүдтэй болсон байна.
Хүүхдийн 7-8 настайд эхний буюу байнгын шүд (ясан шүд) ургаж эхлэх бөгөөд цаашид 13 нас хүртэл солигдож эхэлнэ. Энэ үед нь эцэг эхчүүд онцгой анхаарах хэрэгтэй. Учир нь, ихэнх хүмүүсийн дунд “Хүүхдийн сүүн шүд унаж дуусахад л дараагийн ясан шүд гардаг” гэсэн өрөөсгөл ойлголт түгээмэл байдаг. Тэгвэл 5-7 настай үед нь хүүхдийн амны хөндийн хойд талд насан туршид нь байх хамгийн чухал шүд гэгддэг “Их араа” шүд ургасан байдаг юм.
ЯАГААД СҮҮН ШҮДИЙГ ХАМГААЛАХ ЁСТОЙ ВЭ
Хүүхдийн шүд цоорвол маш хүчтэй өвдөлт өгдөг бөгөөд өвчлөлийн явцад хүүхэд ундууцаж, тайван бус байдалтай болдог.
Өвдөж цоорсон шүд бусад сүүн шүд болон ясан шүдэнд цоорлын халдварыг дамжуулдаг. Ингэснээр халдвар авсан сүүн шүд болон байнгын шүд цоорно гэсэн үг.
Цоорсон сүүн шүдийг эмчлэхгүйгээр авахуулсан тохиолдолд араанууд нь урагшаа түрж ургах бөгөөд ясан шүд ургах зай багассанаар байнгын шүд далий мурий, давхар гэх мэтчилэн хэвийн бус, гажигтай ургаж эхэлдэг.
Хүүхдийн шүдийг унах хугацаанаас нь өмнө авахуулсанаас болж зарим үсгийг буруу хэлэх гэх мэт хэл ярианы хөгжилд муугаар нөлөөлдөг. Шүдний гаж буруу хөгжлөөс үүдэн хүүхдийн эрүү нүүрний хэлбэр төрх нь алдагддаг гэх мэтчилэн сөрөг үр дагаврууд гардаг байна. Үүнд:
Орсгой зуулт
Шаамий зуулт
Зөрмөл зуулт
Заалхай зуулт
Гүн зуулт зэрэг үүсдэг.
Тиймээс хүүхдийн сүүн шүдийг багаас нь зөв арчилж, байнгын арчилгааны хэвшил дадалтай болгох нь чухал юм.
СҮҮН ШҮДИЙГ ЦООРЛООС ХАМГААЛАХ АРГУУД
Хүүхдийн сүүн шүд найман сартайгаас /зарим тохиолдолд хүүхдийн онцлогоос шалтгаалан эрт болон хожуу үед нь цухуйна/ эхлэн ургадаг бөгөөд энэ үедээ хүүхэд хөхөө хөхөж байдаг тул өдөр шөнөгүй хөхүүлэхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь, хөхний сүүнд шүдний цоорол үүсгэдэг нян их хэмжээгээр агуулагддаг байна.
Хоол хүнсийг амаараа дамжуулан өгөх нь хүүхдийн аманд шүд цоорлын нянг халдварлуулдаг. Үүнээс үүдэн хүүхдийн шүд цоорох эх үүсвэрийг тавьж өгнө гэсэн үг.
Бага насны хүүхдэд чихэр агуулсан зүйлийг бага өгөх хэрэгтэй. Учир нь, хүүхдийн шүд цоороход чихэрлэг зүйлс гол нөлөөг үзүүлдэг байна. Хэрвээ хүүхдэд чихэрлэг зүйл өгөхөөр бол, хоолны дараа өгөх нь шүд цоорол үүсэх эрсдэлд бага өртдөг. Чихэр, печень зэрэг чихэрлэг болон зөөлөн чанарын хоол хүнс идүүлэх нь хүүхдийн шүлсийг өтгөрүүлж, шүдэнд илүү их нян хуримтлагдан үржих таатай орчныг бүрдүүлж өгдөг.
Хүүхдэд зажлууртай хатуу ааруул, ээзгий, алим, лийр идүүлж эрүүний булчинг нь сайтар хөгжүүлэх хэрэгтэй. Зажлуур ихтэй хоол хүнс хэрэглэснээр шүлсний ялгарлыг сайжруулж, шүдийг сайтар цэвэрлэж чаддаг байна.
Өдөрт шүдийг 2-3 удаа тогтмол угаагаарай. Хэрэв угаах боломжгүй тохиолдолд хоол идсэний дараа амаа усаар зайлах хэрэгтэй.
Эх сурвалж: НЭМГ