НУУЦААС ГАРГАСАН гэрээнүүдийн жагсаалт

Нүүрсний хулгайд холбогдсон эрх мэдэл, албан тушаалтнуудыг илрүүлэн шалгах ажлын хэсэг шалгалтын үйл ажиллагааныхаа явцын талаар өдөр бүр 11.00 цагаас мэдээлэл өгч байхаар болсон.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ээлжит мэдээллийнхээ үеэр, Иргэдийн жагсаал, үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталсан. Тогтоолын төслөөр ҮАБЗ-ийн зөвлөмжөөр нууцад хамааруулсан байсан есөн гэрээг нууцаас гаргах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа.

ЭТТ компаниас хэрэгжүүлж буй 9 төсөлтэй холбоотой нууцын зэрэглэлтэй гэрээнүүд:

1. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн ЭТТ-2019/825, ТТЗ-Н19/01-01, BI-TTGS-CONT-0002 тоот гэрээ, түүний нэмэлт өөрчлөлт;

2. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан Нүүрс нийлүүлэх ЭТТ-2019/784, BI-TTGS-CONT-0003 тоот гэрээ, түүний нэмэлт, өөрчлөлт;

3. “Монголын төмөр зам” ТӨХК, ЗХЖШ-ын хооронд 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх АГГ-н/1901 н/387 тоот гэрээ

4. “Монголын төмөр зам” ТӨХК, УБТЗ ХНН-ийн хооронд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дээд бүтэц дохиолол холбоо, эрчим хүч, гүүр, хоолойн барилгын ажил, зураг төсөл гүйцэтгэх АГГ-20/21-20/06 ОГ/20/042 тоот гэрээ

5. “Эрдэнэс Тавантолгой ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хооронд 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Богдхан төмөр замын төслийн суурь, бүтцийн барилгын угсралтын бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн МН-ЭТТ2022/497, ТТЗ-МН22/02 тоот гэрээ;

6. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөрзам” ХХК, “Бодь интернэшнл” ХХК- хооронд 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Богдхан төмөр зам төслийн туннел болон эстакадан гүүрний зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн МН-ЭТТ/487, ТТЗ-МН22/01, BI-BBR-CONT-0002 тоот гэрээ;

7. “Эрдэнэс Тавантолгой ХК, “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Нүүрс нийлүүлэх МН-ЭТТ-2022/488, BI-BBR-CONT-0003 тоот гэрээ;

8. “Эрдэнэс Тавантолгой ХК “Набсан” ХХК, “Тэргүүн инвест” ХХК “Эс энд Эй трэйд” ХХК, “Бридж констракшн” ХХК, “ЧММ” ХХК, “Сан” ХХК-ийн хооронд 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Загийн усны хоолойн гүний усны ордоос “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхай хүртэлх усны хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажлын ЭТТ-2022/34, ЭТТ-2022/35, ЭТТ-2022/36, ЭТТ-2022/37 тоот гэрээ;

9. “Эрдэнэс Тавантолгой ХК, “Элгэн” ХХК, “Литопро” ХХК, “Инженер геодези” ХХК, “Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК-ийн хооронд 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Тавантолгой ордын далд уурхайн хайгуул, судалгааны ажил гүйцэтгэх Н-ЭТТ-2022/946 тоот гэрээ зэрэг болно.

Эдгээр гэрээг ил болгож, АТГ-т өгч шалгуулах, ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхтэй холбоотой зүйлийг нягтлах, УИХ-д байгуулагдсан түр хороонд шилжүүлэх үүрэг өгсөн. Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой эдгээр томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг шалгах ажил үргэлжилнэ.

Засгийн газраас цаашид энэ мэт бүтээн байгуулалтын төслүүдийг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр нууцад авдаг байдлыг таслан зогсооё. Цаашид Монгол Улсын Засгийн газар нэг ч нууц гэрээг батлахгүй гэсэн зарчмын шийдэлд хүрсэн. Нууц гэрээтэй холбоотой мэдээллийг хариуцсан байгууллагууд дэс дараатайгаар олон нийтэд хүргэнэ гэж тэрбээр мэдээлсэн юм.

ҮАБЗ-ИЙН ГИШҮҮД ЭЭ! ГЭРЭЭГ НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛД ОРУУЛАХ ЗӨВЛӨМЖИЙГ ЯАГААД ГАРГАВ?

Эдгээр есөн гэрээг ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу 2019 оны 6-р сараас эхлэн 2022 оны аравдугаар сар хүртэлх хугацаанд байгуулжээ.

2019-ны 6-р сард ҮАБЗ-ийн гишүүнээр:  

  • Ерөнхийлөгч Х.Баттулга
  • УИХ-ын дарга Г.Занданшатар
  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх

2020 оны долоодугаар сараас эхлэн:

  • Ерөнхийлөгч Х.Баттулга, 2021 оны 6-р сараас У.Хүрэлсүх
  • УИХ-ын дарга Г.Занданшатар
  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх /2021.1 сар хүртэл/ , 2021 оны нэгдүгээр сараас Л.Оюун-Эрдэнэ

2021 оны 6-р сараас эхлэн У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байна. Дээрх есөн гэрээг нууцын зэрэглэлд оруулах зөвлөмж гаргасан ҮАБЗ-ийн гишүүдийн Х.Баттулгаас бусад нь одоо ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байна.

Гэрээг яагаад нууцын зэрэглэлд оруулах зөвлөмж гаргасан талаараа Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар хариулт, тайлбар өгөх хэрэгтэй юм.

Гэрээнүүдийг бүрэн эхээр нь эндээс уншина уу.