Н.УЧРАЛ ГИШҮҮН ээ олон нийтийг цахим хуудастаа үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй нь ҮЛДЭЭГЭЭЧ

УИХ-ын гишүүн, Цахим харилцаа холбооны сайд Н.Учрал, дэд сайд Эрхэмбаатар нар “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуулийн төслийг өнөөдөр өргөн барих аж.

Сүүлийн жилүүдэд Монгол Улс руу чиглэсэн цахим гэмт хэрэг ихэсч буй гэж буй боловч үүний цаана эрх баригчийг ажлаа хийж чадахгүй байна хэмээн шүүмжлэх иргэдийнхээ амыг барих хүсэл байхыг ч үгүйсгэх аргагүй.

Монгол Улсын фэйсбүүк ашиглагч иргэдийн тоо 2.2-2,5 сая. Харин твиттер, инстаграм бол тийм ч их биш. Хууль санаачлагчид дээрх хуулиар фэйсбүүкийг барихыг хүсч буй гэхэд болно.  Олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх байдлыг хумихаас гадна хэвлэл мэдээллийнхэний хэвлэн нийтлэх эрх ч хумигдаж магадгүй юм байна гэсэн болгоомжлол байгааг бичихгүй өнгөрч чадсангүй.

Фэйсбүүкт намуудын болон улстөрчдийн тролл баг ажиллаж, бие биенээ харлуулж, гүтгэн доромжилдог байдал бий болсныг захын хүн мэддэг болсон цагт хардах үндэслэлч бас бий.

Харин өөрийн жинхэнэ фэйсбүүк хаягаар орж буй иргэд худал мэдээлэл тараахаас илүүтэй төр засгийн хийж хэрэгжүүлж буй зүйлд шүүмжлэлтэй хандах нь элбэг.  Троллуудыг цэгцлэхийн тулд цахим хуудаст үзэл бодлоо илэрхийлэх иргэдийнхээ эрхэд халдах хууль өргөн барьж буй гэх шүүмжлэл ч бас бийг дуулгачихая.

Нөгөөтэйгүүр жил гаруйн дараа УИХ-ын ээлжит сонгууль болно.  Сонгуулийн өмнө эрх баригчдын хамгийн их хянахыг хүсч буй зүйл нь фэйсбүүк байхыг ч үгүйсгэхгүй.

Монголчуудын үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх болон Үндсэн хуульд заасан язгуур эрх ашгууд жилээс жилд хумигдаж буйг Хүний эрхийн тайлан мэдээ, ОУБ-уудын судалгаанаас харж болно.

Энэ хуулийн зүйл заалтууд нь Монгол Улсын бусад хууль тогтоомжтой угаас давхардаж байна.

Ганц хоёр жишээ дурьдахад та бүхний өргөн барих гэж буй хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7-д заасан заалт 2002 оны  Монгол Улсын МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ хуульд, 6.1.8 заасан заалт Экстемист үйл ажиллагаа явуулах үндэсний эв нэгдлийг бусниулах төрийн болон албаны нууц задруулах тухай ХУВЬ ХҮНИЙ НУУЦЫН ТУХАЙ, ЭРҮҮГИЙН ХУУЛЬ, ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦЫН ТУХАЙ зэрэгт тусгагдсан байна. Та бүхэн өөрсдөө хуульчид учраас өргөн барих гэж буй хуулийн бусад зүйл, заалтын талаар дурьдах нь илүүц биз дээ.

Монгол Улсад төрийн өндөр албан тушаалтнуудын авлига албан тушаалын гэмт хэрэг шил шилээ дараа цуварч байна. Гэвч дорвитой арга хэмжээ авсан зүйл өнөөдөр алга. Үүнд иргэд бухимдаж тэгш эрхийг нэхсээр байна.

Арга ч үгүй биз. Нэг ундаа хулгайлсан хүү 10 жилийн хорих ялаар шийтгүүлж байхад албан тушаалаа урвуулан ашиглаж төрд их хэмжээний хохирол учруулсан төрийн өндөр албан тушаалтнууд гэм буруугаа хүлээлээ, хэргийг маань хялбаршуулан шийдвэрлүүлж өгнө үү хэмээн ял завшиж байхад арга ч үгүй биз.

Цахим хуудсаар дамжуулж үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг Зөрчлийн хуулиар торгох явдал газар авсныг иргэд бичсээр  байна.

УИХ-ын гишүүн, Цахим харилцаа холбооны сайд Н.Учрал, Дэд сайд Эрхэмбаатар нараа та бүхэн удахгүй болох сонгуулиар иргэдийн фэйсбүүкийг хязгаарлаж хянахын тулд намынхаа болон журмын нөхдийн шахалтаар энэ хуулийг өргөн барьсан байхыг үгүйсгэхгүй гэхдээ иргэдийнхээ өдрөөс өдөрт хумигдсаар байгаа олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй нь үлдээгээч.

Д.Гэрэл