“B Production”-ны уран бүтээлч Н.Энэрэлсайхан өөрийн цахим хуудсаараа дамжуулан тоглолтод оролцсон төлбөрийн 90 хувийг тус продакшн авч 10 хувийг нь уран бүтээлчдэд өгдөг, гэрээг хоёр жилийн өмнө хийсэн бөгөөд шинэ жилээр ажилласан ч цалинг нь өгөөгүй талаарх мэдэгдлийг олон нийтэд хүргэсэн.
Тэгвэл үүсээд буй асуудлын хүрээнд “B Production” мэдэгдэл гаргажээ.
“B Production”-ийн мэдэгдэлд “2020 оны аравдугаар сараас эхлэн “NS” хамтлагийн уран бүтээлч Н.Энэрэлсайхан, Г.Саруултуяа нартай гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд гэрээний хүрээнд тус хамтлагийн “Feeling High” цомгийг бүтээж, БНСУ-д хэвлүүлэх, уран бүтээл туурвисан. Шинэ уран бүтээл туурвих нь зөвхөн дуучны асуудал биш арын албаныхан ажиллах зэрэг олон хүний хүч хөдөлмөр орж, тэр хэмжээний санхүүжилт хөрөнгө шаардагддаг. “NS” хамтлагийн уран бүтээлийг туурвихад бодитоор 90 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн.
Анх тус гэрээний орлогоос “NS” хамтлаг 20, Продюсер Б.Энхзориг 40, “B Production” 40 хувь байхаар тус тус заасан улмаар 2022 оны гуравдугаар улирлаас “NS” хамтлагт олгох хувийг 40 хувь болгож нэмсэн.
Уран бүтээлч Н.Энэрэлсайхан нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, түүнчлэн олон нийтийн сүлжээнд ташаа мэдээлэл тарааж манай продакшныг олон нийтэд хариуцлагагүй, ёс зүйгүй мэтээр ойлгуулж, ажил хэргийн нэр хүндэд ноцтой халдсан үйлдэл гаргасан явдалд харамсаж байгаа бөгөөд түүнийг олон нийтэд хандаж бодит байдалд үл нийцэх, ташаа мэдээллээ залруулна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.