Н.Сугар: Өнөөдөр шатсан автобус 2009 онд үйлдвэрлэгдсэн, эрдэмтранс компанийн автобус

Сүүлийн жилүүдэд нийтийн тээврийн автобус шил шилээ даран шатах болсон. Тэгвэл өнөөдөр өглөө дахин нэг нийтийн тээврийн автобус шатсан хэрэг гарлаа.

Шатсан автобусны талаар Нийслэлийн хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар  “Нийтийн тээврийн салбарт 13 жил парк шинэчлэл хийгээгүй. Улмаар үйлчилгээнд явж байгаа 970 орчим автобусны 500 гаруй нь ашиглалтын хугацаа дууссан. Өнөөдөр шатсан автобус 2009 онд үйлдвэрлэгдсэн, эрдэмтранс компанийн автобус байжээ. Хамгийн өндөр насжилттай автобуснуудын нэг гэсэн үг. Гэхдээ хугацаа дууссан ч дараагийн шинэ автобуснууд ирэх хүртэл хуучин автобусаа ашиглахаас өөр аргагүй. Учир нь Улаанбаатар хотод нийт 1400 автобус байвал хүртээмжтэй байна гэсэн судалгаа бий. Тэгэхээр хугацаа дууссан автобуснуудыг ашиглалтаас гаргачихвал ачааллаа дийлэхгүй. Тиймээс хот богино хугацаанд 1000 автобус авах шаардлага үүсч байгаа. Одоогоор 217 автобусны шинэчлэл хийсэн. Энэ сард 107 автобус орж ирэхээр үйлдвэрлэх шатанд явж байгаа. Мөн түгжрэлийн сайдын багцаас 300 автобус авах төсөв суугдсан. Үүнийг 800 болгох боломжтой гэж түгжрэлийн сайд ярьж байна лээ’ гэв.