Б.Цэрэннадмидыг Архангай аймгийн Засаг даргад сонгож, Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болжээ

Архангай аймгийн ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаанаар МАН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн Б.Цэрэннадмидыг ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар аймгийн Засаг даргад сонгож, Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болсон байна.

Сауулахад: Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ өнгөрсөн оны 10 дугаар сард захирамж гарган, Архангай аймгийн засаг дарга М.Батжаргалыг огцруулсан. Тодруулбал, есдүгээр сард Архангай аймгийн ИТХ-ын 8-р хурлаар аймгийн Засаг дарга М.Батжаргалыг огцруулах тогтоолыг баталж, улмаар Ерөнхий сайдын 2022 оны аравдугаар сарын 11-ний өдрийн 165 дугаар захирамжаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

М.Батжаргал нь Ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж, хууль бус захирамж гарган “Нобле Энержи” ХХК-д ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийг олгосон талаар эх сурвалжууд мэдээллэсэн. Мөн газрын хууль тогтоомжуудыг ноцтойгоор зөрчиж, хууль бусаар дуудлага худалдаа зохион байгуулсан, холбогдох материалаа дутуу бүрдүүлсэн нэг аж ахуй нэгжид давуу байдал олгож, улмаар хууль бус зөвшөөрөл олгосон, төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн зэрэг  үндэслэлээр огцорсон юм.