Шувуу ажиллагааны хүрээнд МУ-ын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарын хүмүүсийг албадан авчирна

Монгол Улсын Засгийн газар 2023 оныг  “Авлигатай тэмцэх жил” болгон зарласан. Энэ хүрээнд авлигатай тэмцэх таван  “Ш’ ажиллагааг хэрэгжүүлнэ хэмээн Хууль зүйн сайд Х.Нямбаатар танилцуулж байв. Тэгвэл “Шувуу ажиллагаа’- ирэх долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ гэх албан бус мэдээлэл байна.  Тодруулбал хууль хяналтын байгууллагад шалгагдаж байх явцдаа гадаад улс руу оргон зайлсан этгээдийг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд эргүүлэн авчрах, хариуцлага хүлээлгэх.  Мөн паспортынх нь хугацааг цуцлах арга хэмжээг авах аж.

Шувуу ажиллагаа явуулж авчрах 7-8 хүн бий гэдгийг Хууль зүйн сайд Х.Нямбаатар  мэдээллийнхээ үеэр хэлж байв. Шувуу ажиллагааны хүрээнд авчрах эхний хүн бол МУ-ын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээ, Эрдэнэтийн 49 хувийн асуудалтай холбогдуулан шалгаж байх үедээ гадаад руу эмчлүүлээд ирнэ хэмээн хилийн хоригоо цуцлуулж яваад, амалсан хугацаандаа ирэлгүй оргон зайлсан гэж цагдаагийн байгууллага мэдээлсэн.

Мөн Авилгатай тэмцэх газар /АТГ/-аас шалгагдаж байх хугацаандаа оргон зайлсан гэгдэж буй хүн бол “Тавантолгой төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал. Түүнийг “Богдхан төмөр зам’ асуудлаас гадна, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх асуудлаар шалгаж байх явцад гадаадад томилолтоор яваад эргэж ирээгүй. Н.Удаанжаргал нь БНСУ-аар дамжин АНУ-руу оргон зайлсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа гэх мэдээлэл бий.

Сануулахад: Шувуу ажиллагааны хүрээнд
●      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улс руу оргон зайлсан этгээдийг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд эргүүлэн авчрах, хариуцлага хүлээлгэх;
●      Эрх зүйн  харилцан туслалцаа үзүүлэх чиглэлээр шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх;
●      Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлууд хийгдэх юм.

Д.Гэрэл