Д.Наранцогт: “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд нийт 84 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байгаагаас 63 нь ашиглалтынх, үлдсэн нь хайгуулын лиценз байна

Эрдэнэс Монгол компаний захирал Д.Наранцогт эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзаж тус компаниас 2023 онд хийж хэрэгжүүлэх ажил болон 15 жилийн стратеги төлөвлөгөөг танилцууллаа. Цаашид компанийн зүгээс хайгуулд хөрөнгө зарах, шинэ орд илрүүлэх, баялгийн нөөцөө нэмэгдүүлж, геологи, хайгуулын судалгааны ажлыг эрчимжүүлж олборлолт, үйлдвэрлэл рүү чиглэнэ гэдгийг тэрбээр тодотголоо.

Монгол Улсын Засгийн газраас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэгдлийн охин, хараат компани, харьяа хуулийн этгээдийг группийн зарчмаар ажиллуулахаар шийдвэрлэж бүрэлдэхүүнд нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК, “Монголросцветмент” ТӨҮГ, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК-г нэгтгэн өргөтгөсөн.

“Эрдэнэс Монгол” ХХК төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 39 компанийг нэгтгэсэн бөгөөд Зэс-металлын болон Нүүрс-эрчим хүчний гэсэн хоёр групп үүсгэжээ. Ингэснээр олон улсын сайн туршлага нэвтэрч, нэгдсэн тогтолцоо сайжирч нэгдлийн үйл ажиллагааны уялдаа сайжирна гэж үзсэн байна.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд нийт 84 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байгаагаас 63 нь ашиглалтынх, үлдсэн нь хайгуулын лиценз байна.

ЗГ-аас Эрдэнэс монголын дүрэмд хоёр удаа өөрчлөлт оруулсан бөгөөд тус дүрэмээр компани тус бүр ТУЗ-тэй байсныг болиулжээ.  Одоо толгой компани, мөн зэс, нүүрсний групп тус бүрдээ нэг нэг ТУЗ-тэй байх аж.

ТУЗ-ын 51 хувийг төрийн төлөөлөл, 49 хувь нь хараат бус гишүүн байх аж. Ингэснээр улс төрөөс хамааралтай шийдвэр гаргадаг байдал өөрчлөгдөж, бизнесийн ил тод, зөв зарчим үйлчилнэ хэмээн үзжээ.

Гэвч хараат бус гишүүд нь АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлэх нь нэг хүндрэл үүсгээд байгаа гэнэ. Учир нь хараат бус гишүүдээ бизнес эрхлэгчдээс бүрдүүлэх хүсэлтэй байгаа хэдий ч тэд ХОМ мэдүүлэх хүсэлгүй байна гэх мэдээллийг ч өглөө.