Грект усан онгоц сүйрч олон хүн амиа алдаж, гашуудал зарлажээ

Грекийн Засгийн газар гурван өдрийн туршид үндэсний хэмжээний гашуудал зарлажээ. “Грекээс баруун зүгт хөлөг онгоц сүйрч, олон хүн амиа алдсантай холбоотойгоор тэдний дурсгалыг хүндэтгэхийн тулд Ерөнхий сайд Иоаннис Сармас зургадугаар сарын 14-ний лхагва гарагийн 21:00 цагаас зургадугаар сарын 17-ны 21:00 цаг хүртэл  гурван өдрийн үндэсний хэмжээний гашуудал зарласан”  хэмээн Засгийн газрын хэвлэлийн алба мэдэгдсэн байна.

Олон хүн амиа алдсан эмгэнэлт хэрэг зургадугаар сарын 14-ний өдөр Пелопоннес хойгийн Пилос хотоос баруун өмнөд зүгт  болжээ. Загас агнуурын хөлөг онгоц дөрөв хоногийн өмнө Ливийн Тобрука хотоос гарсан бөгөөд онгоцны ихэнх зорчигчид нь Афганистан, Сири, Египет, Пакистаны эрчүүд байсан гэнэ. тэд Ливи улсаас  Италийг зорьж байсан аж.

Ослын улмаас 79 хүн амиа алдаж, 104 хүнийг аварсан байна.