Өрнө дорно зэрэгцэж,  өчигдөр өнөөдөр сүлэлдсэн Дорнын сувд

/Аян замын тэмдэгдэглэл /

“Нэг бүс нэг зам”.  Энэ бол монголчуудын хувьд танил сэдэв. Гэхдээ учир начир, утга агуулга талаас  нь хэр ойлгодогийг хэлж мэдэхгүй.  Хятадын  бараа бүтээгдэхүүний зах зээлийг тэлэх гэсэн урд хөршийн бодлого гэсэн бүдүүн тойм төсөөлөл зарим нэгний  ой тоонд  байх шиг санагддаг. Харин  энэ бол БНХАУ-ын зүгээс байнга илэрхийлдэг  “Хятад бусдаас түрүүлж хөгжихдөө бус хамтдаа хөгжихийг чухалчилдаг” гэсэн тэр зарчмынх нь зангилаа утга гэдгийг урд хөршийн хөгжил цэцэглэлтэй танилцсан 10 хоногийн аяллаараа мэдэрч мэдлээ.

Монголчууд “Мянга сонсохоор нэг удаа хар”, “Нүд үнэн, чих худал” гэхчлэн үзэж харахын мөн чанарыг тодотгон ярьдаг.  Явсан газар, үзсэн харснаа, сонсож дуулснаа хуваалцах үүднээс урд хөршид аялаж ажилласан өдрүүдийнхээ сонин сайхныг хуваалцахаар аяныхаа богцыг нээж байна.

Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан 50 хүний бүрэлдэхүүнтэй өнөр багийнхан Хөх хотын “Цагаан суварга” нисэх онгоцны буудлаас  Шанхай хотыг зорин нисэв. Сэтгүүлчдийн сурвалжилгын сэдэв нь “Хятадад уулзъя-Шинэ зуунтай танилцъя.”  Дурдахад, Монгол Хятадын сэтгүүлчдийн байгууллага олон жилийн үр бүтээлтэй   хамтын ажиллагаатай. Харин энэ удаагийнх  Ковидын үеийн 4 жилийн завсарлагааны дараа манай хэвлэл мэдээллийн багийнхан урд хөршөө зорьж буй нь энэ юм.

Урд хөршийнхэн маань Монголын сэтгүүлчдийг  ахин дахин урьдаг нь хөгжил цэцэглэлтээ гайхуулж буй хэрэг биш бөгөөд харин хамтдаа хөгжих санаа сэдлийг  хэвлэл мэдээллээр дамжуулж бидэнд өгөх зорилготой.

Нислэгийн зам зуураа удахгүй газардах  Шанхай хотын тухай юу мэддэг билээ хэмээн өөрөөсөө асууж үзлээ.  Дорнын сувд, Дэлхийн санхүүгийн төв, мөнөөх алдартай өндөр барилга,  Хятадын  цахиурын хөндий гэхчлэн  бүдэг бадаг, ихэвчлэн энд тэндээс уншиж  сонссон төдий төсөөлөлтэй  явсаар энэ их хотод хөл тавилаа.

Өрнө дорно, шинэ хуучин зэрэгцсэн Шанхай хот

Анхны сэтгэгдэл их сонин. Хятадад биш өрнийн томоохон хотод ирчихсэн юм шиг. Шил толь болж , гэрэл цацруулсан тэнгэр баганадсан шилэн барилгууд, цэвэр цэмцгэр орчин, оршин суугчдынх нь биеэ авч яваа байдал гээд барууны хэв маяг илүү харагдах шиг. Үүнтэй зэрэгцэн Хятадын  уламжлалт хэв маягтай барилгууд.

Шанхай бол хуучин ба шинэ, өрнө болон дорно зэрэгцэн оршдог сонирхолтой хот ажээ.  Хотоо шинэ, хуучин гэж хоёр ангилдагыг хожим нь сонсож, бас нүдээр харав. Хойноосоо урагш 120 км, баруунаас зүүн тийш 100 км өргөн, 6341 км2 талбай бүхий 26.3 сая хүн амтай нүсэр хот юм. 24.7 сая хүн амтай атлаа энэ хотод хүний бөөгнөрөл, замын түгжрэл гэж алга. Нам гүм,  амар амгалан аж. Иргэдийнх нь царайнд  амьдралынх нь ая тух, хичээл зүтгэлийнх нь үр шим нэвт гэрэлтэх шиг.

Хэрэв түүх сөрвөл Шанхай хот нэгэн цагт Англичуудын эзэмшилд байсан “Загасчдын тосгон” байсан гэдэг. Тэр үе, өнөөгийн өнгө хоёрыг төсөөлөн бодохуй итгэмээргүй хөгжил дэвшил, хурд хүч мэдрэгдэнэ. Бас нэг түүхийн содон тохиол гэвэл 1921 онд Коммунист намын анхны Их хурал энд хуралдаж байжээ.

Энэ удаагийн аялалд Шанхай хот болон хөгжлийн хурдаараа бусад мужуудаа тэргүүлж буй Жянсү мужийг сонгосон нь санамсаргүй зүйл биш байв. Бүр тэгэхдээ нарийн техник технологоо нүдний өмнө дэлгэсэн нь туршлага, ноу хау, хөгжлийн боломж, суралцах зүйлээ олж харж нутагтаа оч гэсэн хөрш орны нөхөрсөг санаа санаачлага биз ээ. Үнэндээ хятад нөхөд маань биднийг бүтээлч санаа онооны олз омогтой нутаг буцаг гэсэн сэтгэлээр хэлж ярьж, тайлбарлаж таниулж байсан нь нэг өөриймсөг санагдсан.